Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд ашиглан гуйлга гуйлгах явдал цөөнгүй бүртгэгдэж байна

Т.Саран, iKon.mn
2019 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд /2019.10.28-2019.11.04/ Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газар нь иргэд, байгууллагаас нийт 1,094 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгасны 8.4% буюу 92 нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл байжээ.

Сүхбаатар дүүргийн 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 40, 10-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 52 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг нарийвчлан авч үзвэл 06:00-12:00 цагийн хооронд 16, 13:00-19:00 цагийн хооронд 29, 20:00-00:00 цагийн хооронд 25, 00:00-06:00 цагийн хооронд 22 хүчирхийллийн тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн дээрх дуудлага мэдээллээс хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн 12 дуудлага, мэдээллийг алба хаагчид шалгахад 7 нь буюу 58% нь гуйлга гуйж байсныг тогтоож ар гэрт нь болон Хүүхэд хамгааллын төвд хүлээлгэн өгч шийдвэрлэжээ.

Хүүхэд ашиглан гуйлга гуйх, хүүхдээр гуйлга гуйлгах явдал нь хүүхдийн эсрэг хүчирхийллийн нэг хэлбэр юм. 

Бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллээс үзэхэд гэр бүлийн хамаарал бүхий этгээд нь зодоод байна гэх 33, агсам тавиад байна гэх 35, бусад үйлдлийн 24 дуудлага мэдээллийг тус газрын алба хаагчдаас материалжуулан шалгалтын ажиллагааг явуулж байна.

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын алба хаагчдаас өнгөрсөн 7 хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 31 этгээдийг шүүхэд шилжүүлж 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ.

Иргэдийн дунд гэр бүлийн хүчирхийллийн талаар буруу ойлголтууд байдаг.

Тус дүүрэг дэх Цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр "Гэр дүүрэн инээмсэглэл" аяныг зохион байгуулж байгаа бөгөөд уг аяны хүрээнд иргэн танд гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор Буруу VS Зөв баримтыг хүргэж байна.