Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

"759 хятад иргэнийг тоо ёсоор Эрээн хотын цагдаагийн газарт хүргэж өглөө"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Цахим луйвар хийсэн байж болзошгүй БНХАУ-ын 759 иргэнийг төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд хамтын ажиллагааны хүрээнд Замын-Үүд олон улсын боомтоор албадан гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ажиллагааг энэ сарын 2-ны өдөр зохион байгуулсан билээ.

Тус ажиллагаа амжилттай дуусаж төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудын ажилтнууд өнөөдөр 10:05 цагт Улаанбаатарт вагоноос буусан юм.

Иймд албадан гаргах ажиллагаа хэрхэн явагдсан талаар ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны газрын дарга цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцагаас тодрууллаа.  

 

- Хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх 759 иргэнийг албадан гаргах ажиллагаа хэрхэн явагдаж дууссан бэ?

- Хууль бус үйл ажиллагаа явуулсан хятад иргэдийг албадан гаргах, тээвэрлэлтийн ажиллагааг Хятад улсын холбогдох байгууллагууд болон элчин сайдын яам, Монгол Улсын төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд амжилттай зохион байгуулж, дуусаад ирлээ. Энэ ажиллагаа нь өргөн хүрээнд явагдсан.

Харин визний зөрчилтэй байсан гэмт хэрэг үйлдсэн гэх хүмүүс нь хуулийн дагуу шалгагдаж байгаа.

- Эдгээр хүмүүсийг ингэж албадан гаргахаас өөр хуулийн хариуцлага тооцохгүй байсан хэрэг үү?

- Хуулийн дагуу шалгагдаж байгаа хүмүүс бий. Тэр хүмүүс нь шалгагдаад хариуцлага, шийтгэлээ хүлээнэ. Сая албадан гаргасан иргэдийн хувьд оролцогч болон бусад хамаарлаас нь шалтгаалаад албадан гаргах шаардлагатай гэж үзээд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан.

-  Цахим луйвар зохион байгуулсан байж болзошгүй гэсэн. Яг явуулсан үйл ажиллагаа нь тодорхой болсон болов уу?

- Энэ асуудал мөн адил хуулийнхаа дагуу шалгагдаж байгаа. Цаг нь болохоор тайлбар мэдээлэл хийх байх.

- Сая албадан гаргахад тусгай вагон гаргасан бөгөөд ажиллагааны үеэр Замын-Үүд дээр зарим иргэд нь буугаад үлдсэн гэх мэдээлэл яваад байна. Энэ үнэн үү?

- Бид Улаанбаатараас авч явсан тоогоороо Эрээн хотын цагдаагийн газарт хүргэж өгсөн. Хятад иргэд замдаа бууж үлдсэн, дундаасаа хоцорсон асуудал огт гараагүй.

-  Хэрвээ сая гаргасан иргэдээс хэрэг шалгах явцад хэрэг илрэх тохиолдол гарвал эргээд хэрхэн яаж  хариуцлага тооцох  бол?

- Мэдээж хэрэг шалгах шаардлагатай бол олон улсын гэрээ конвенцийн хүрээнд харилцан хамтран ажиллах ажиллагаанууд хийгдэнэ байх гэж бодож байна.

Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар болон Гадаадын иргэн, харьяатын газар 2019 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хамтарсан шалгалт явуулахдаа 783 гадаадын иргэний паспорт, бичиг баримтад шалгалт хийсэн. Үүнд,

  • 637 нь жуулчин ангиллын,
  • 146 нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн БНХАУ-ын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон. 

Мөн албадан гаргасан 759 хүнээс 103 нь эмэгтэй байсан бөгөөд албадан гаргах зардлыг БНХАУ-ын Элчин сайдын яамнаас гаргаж байгаа ба тус иргэд нь зөвхөн хувийн эд зүйлс буюу хувцас, ахуйн хэрэглээний зүйлсээ авч явсан гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байсан юм. 

ГИХГ-аас 783 иргэний гадаадын иргэнийг визний зөрчил гаргасан хэмээн үзэж, албадан гаргах шаардлагатай гэж үзсэний  759-ийг нь албадан гаргасан бөгөөд үлдсэн хүмүүсийг нь дотооддоо авч үлдэн хуулийн дагуу үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар цагдаагаас байгууллагаас мэдээлсэн билээ.