Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

McDonalds компанийн гүйцэтгэх захирал ажилтантайгаа дотно харилцаатай болсон шалтгаанаар огцорлоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Түргэн хоолны дэлхийн томоохон сүлжээ McDonalds-ийн гүйцэтгэх захирал Стив Истербрүк дотоод журмаа зөрчиж, ажилтантайгаа дотно харилцаатай болсон шалтгаанаар ажлаа өгөхөөр болсныг тус компани Ням гарагт зарлажээ.

McDonalds компанийн дотоод журманд менежэрүүдийг өөрийн шууд болон шууд бус удирдлагад ажилладаг хүнтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэхийг хориглодог байна.

Истербрүк ажилтнуудaд хандаж бичсэн захидалдаа ийм харилцаа үүсгэснээ хүлээн зөвшөөрч, буруугаа хүлээжээ. “Компанийн үнэт зүйлсийг хадгалах үүднээс би удирдах зөвлөлтэй санаа нийлж, явахаар боллоо” гэж тэр бичсэн байна.

Истербрүкийг явахад хэр хэмжээний урамшуулал олгохыг McDonalds компанийн төлөөлөн удирдах зөвлөл Даваа гарагт шийдэхээр болжээ.

Өнгөрсөн онд тэрээр үр дүнгээс хамаарсан $15.9 саяын шагнал урамшуулал авч байсан гэдэг.

Одоо 52 настай Стив Истербрүк 1993 онд тус компанид ажиллаж эхэлжээ. 2006 онд тэрээр Британи дахь салбарын захирал болсон байна. Дараа нь Истербрүк нийт 1,800 салбар ресторан багтдаг Умард Европын зах зээлийг хариуцаж байжээ.

2015 оноос хойш Истербрүк McDonalds компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа.

Өчигдөр McDonalds компанийн төлөөлөн удирдах зөвлөл АНУ дахь салбарын захирал Крис Кемпжинскиг шинэ гүйцэтгэх захирлаар томилох шийдвэр гаргасан байна.

“Истербрүк анх намайг McDonalds-т оруулж, сайн халамжлан хүмүүжүүлэгч болсон юм” гэж өмнөх гүйцэтгэх захиралдаа талархал илэрхийлсэн Кемпжински компанид огцом стратегийн шинэчлэл хийхгүй, ажил хэвийн үргэлжилнэ гэж амлажээ.

 

Эх сурвалж: Associated Press