Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Асахи” сонины төлөөлөгчид Улаанбаатар хотод зочилж байна

ikon.mn
2019 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Монгол-Японы залуучуудын хамтын ажиллагааг дэмжих төв өнөөдөр Япон хэлний уран илтгэлийн энэ оны зургаа дахь удаагийн тэмцээнээ зохион байгууллаа.

Энэ удаагийн илтгэлийн тэмцээний тэргүүн байрыг О.Одонтуяа, II байрыг У.Төрболд, III байрm Б.Хастөмөр шалгарсан бол тусгай байрын шагналыг Б.Наранбуян, Б.Есүхэн нар эзлэв.   

Япон хэлийн таван сараас хоёр жилийн хугацаанд суралцахдаа ийнхүү уран илтгэх хэмжээнд хүрч чадсан шилдэг оюутнуудад Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилнууднаас гадна Японы “Асахи” сонины төлөөлөгчид шагналыг нь гардууллаа.

 

“Асахи” сонин нь 1879 онд анхны дугаараа гаргаж байсан Японы хамгийн эртний, үндэсний өдөр тутмын томоохон хэвлэлд тооцогддог энэ сониныг монголчууд гар дээрээ хүлээн авч уншдаггүй ч Монголын олон залууг арлын оронд сурч, боловсрох боломж олгож, тэдний амьдралын гүүр болж өгсөн гэдгээр нь андахгүй байх.

Тус сонины төлөөлөл буюу “Асахи” тэтгэлэгт нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Хаяашида Тацүяа, Хөдөлмөр зохицуулалтын зөвлөлийн дарга Ёшитахи Хирофүми, Хөдөлмөр зохицуулалтын зөвлөлийн Монгол салбарын дарга Хадано Дайсүкэ, Асахи сонин борлуулагч компаниудын Доошинкай холбооны тэрүүн Ёкомачи Тошинори, зөвлөх Касамото Ясүо, “Асахи” тэтгэлэгт нийгэмлэгийн Вьетнам салбарын дарга Хикава Хироши тэргүүтэй хүмүүс энэ өдрүүдэд Улаанбаатар хотод зочилж байгаа юм.

“Асахи” сонин Монголд сонины тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлээд 15 жил болжээ.

Өнгөрсөн хугацаанд уг хөтөлбөрийн хүрээнд Монголын 300 гаруй оюутан Японд ажиллангаа Наганүма Токио, Аояма гакүэн, Канрин, Иватани, КЭН Япон хэлний сургуулиуд болон Икэбүкүро олон улсын хэл судлалын хүрээлэнд амжилттай суралцаж төгссөн байна.

Тэдгээр залууст тавьдаг шаардлагууд энгийн учраас олон залуу хамрагдах боломжтой аж. Тухайлбал, сургууль төгсөөд дөрвөөс дээш жил болоогүй 19-26 насны залуусыг гэмт хэрэгт холбогдож байгаагүй, Япон улсын Элчин сайдын яаманд визийн хүсэлт гаргаад буцаагдаагүй болон Японд түр оршин суух хугацаандаа албадан нутаг буцаагдсан түүхгүй бол хөтөлбөрт хамрагдаж болно.

Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Монгол дахь албан ёсны итгэмжлэгдсэн байгууллага, төлөөлөгчийн газар болох “Монгол-Японы залуучуудын хамтын ажиллагааг дэмжих төв” нь зуучлалын хөлс авдаггүй, зардлын батлан даагч байх ёстой гэсэн шаардлага тавьдаггүй нь Японд ажиллаад боловсрол эзэмших хүсэлтэй залууст дэм болдог ажээ.

Уг хөтөлбөрийн онцлог нь Японд хэлний бэлтгэл сургуульд хоёр жил суралцах хугацаандаа сургалтын төлбөр, амьдрах байрны өртөг, ирж очих онгоцны тийз зэргийг “Асахи” сонины тэтгэлэгт нийгэмлэг хариуцаж, хөдөлмөр ослын даатгалд ч хамруулж, оюутнуудтайгаа нягт ажилладаг.

Хоёр жил ажиллаж, суралцаад хэлний бэлтгэлээ төгссөний дараа оюутнууд Японы их, дээд сургуульд дэвшин суралцахдаа амжилт гаргавал тэтгэлгээ үргэлжлүүлж бас болдог байна. Харин Япон улсыг зорихоос өмнөх нэг жилд Монгол-Японы залуучуудын хамтын ажиллагааг дэмжих төв оюутнуудаа бэлтгэдэг аж. Япон хэл болон жолооны дүрэм, жолооны дадлага, хоёр орны соёлын ялгаа, хувь хүний төлөвшил, ёс зүйн сургалтууд явагдах бөгөөд ажил олгогч “Асахи” хөтөлбөрийн захирлуудын ярилцлагад тэнцсэнээр Японд суралцах эрхээ олж авдаг юм байна.

Тус сонины тэтгэлгээр явсан Монгол оюутнууд хэл сурах чадвар, ажил хийх хүсэл сонирхол, тэсвэр тэвчээрээрээ бусад орны оюутнуудаас ялгарч, үнэлэгддэг болохыг Улаанбаатар хотод зочилж байгаа “Асахи” сонины төлөөллүүд онцолж байлаа.

Тиймдээ ч хөтөлбөр 15 жил тасралтгүй хэрэгжиж, хамрагдах оюутны тоо жилээс жилд нэмэгдэн, Монгол оюутан хүлээн авах хүсэлтэй сонин борлуулах компаниудын тоо өсөөд байгааг мөн ярьсан юм. “Асахи” сонины шугамаар Япон орныг зорьсон төгсөгчид өнөөдөр Монгол, Япон орныг холбох гүүр болж, яам тамгын газар, томоохон компаниудад ажиллаж, бизнесийн салбарт ч амжилттай ажиллаж байгаа нь том хувь нэмэр хэмээн үзэж байгааг дурдлаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.