Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани iPhone гар утсаа сарын хураамжтай үйлчилгээ болгоно

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Лхагва гарагт Apple компани энэ оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцуулсан юм. Тус компанийн гол бүтээгдэхүүнүүдийн нэг болох iPhone-ий борлуулалтын хэмжээ буурсан ч зүүдэг төхөөрөмжүүд (Apple Watch, AirPods), сарын хураамжтай онлайн үйлчилгээнүүд (iCloud, Apple Arcade) нь өндөр өсөлттэй гарсан нь нийт бизнесийн үр дүнг өсгөсөн байна.

Өөрөөр хэлбэл Apple компани тоног төхөөрөмж үйлдвэрлэгчээс онлайн үйлчилгээний компани болох чиглэлд амжилттай шилжиж байгааг харуулжээ.

Энэ үеэр Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Кук нэгэн сонирхолтой үйлчилгээг 2019 оны сүүлд нээхээр төлөвлөж байгаагаа танилцуулсан байна. Тус компани iPhone гар утасны үнийг хоёр жилийн хугацаанд ямар ч хүүгүй тэнцүү хуваан төлж хэрэглэх үйлчилгээ нээх гэнэ.

Гэхдээ энэ үйлчилгээг авахын тулд Apple Card төлбөрийн картаар iPhone-оо худалдаж авах ёстой юм байна. Хүмүүсийн гар утасаа солих дундаж хугацаа хоёр жил байдагийг тооцвол энэ үйлчилгээг авснаар iPhone-ийг сарын хураамжтай хэрэглэх боломж нээгдэж байгаа юм.

Үүнээс гадна Apple Card төлбөрийн карт нь худалдан авалтын дүнгийн 3 хувийг буцааж олгох урамшууллын системтэй байдаг.

Зөвхөн iOS хэрэглэгчид ашиглах боломжтой Apple Card-ийг Apple өнгөрсөн наймдугаар сард зах зээлд гаргаж байв.

 

Эх сурвалж: CNET