Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Аюулгүй байдлыг хангах үүднээс Хятадад шилэн гүүрнүүдийг хааж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Нэг хэсэг Хятадын муж, бүс нутгуудад жуулчдыг татах зорилгоор шилэн гүүр байгуулах хөдөлгөөн өрнөсөн юм.

Гэвч хэд хэдэн осол эндэгдэл гарсны дараа эдгээр байгууламжуудыг олноор хааж эхэлжээ. Тухайлбал хойд Хятадын Хэбэй муж өөрийн нутагт байдаг бүх 32 шилэн гүүрийг сүүлийн жил орчим хугацаанд хаасан талаар CCTV суваг мэдээлжээ.

Дэлхийн хамгийн урт шилэн гүүр гэгддэг байсан Хонягу гүүр тэдгээрийн тоонд багтаж байна. Уг гүүр нь хоёр хадан цохионы хооронд 488 метр урт сунаж тогтсон, мянга гаруй шилэн хавтангаас бүрддэг.

Мөн энэ мужид хүн хөл тавихад чахрах чимээг хуурамчаар гаргаж айлгадаг гүүр байдаг ажээ.

Гүүрнүүдийг хаах болсон шалтгаан нь сүүлийн үед Хятадад хэд хэдэн осол эндэгдэл гарч, хоёр хүний амь үрэгдсэнтэй холбоотой.

Энэ жил Гуанши мужийн шилэн гүүрэн дээр хүчтэй борооны улмаас халтиргаа үүсч, нэг хүн унаж амиа алдсан байна. Энэ ослын үеэр өөр зургаан хүн бэртжээ.

Нийтийн дунд шилэн гүүрэнд итгэх итгэл суларсан тул зарим орон нутгийн захиргаа лантуугаар гүүрний шилэн шалыг цохиулах, дээгүүр нь автомашин явуулах зэргээр бат бэх байдлыг нь батлан үзүүлж байв.

Саяхан Хятадын засгийн газар орон нутгийн удирдлагуудад шилэн гүүрнүүдээ хааж, аюулгүй байдлыг нь сайтар шалгах үүрэг өгсөн байна. Хятад даяар нийт 2,300 орчим шилэн гүүр байдаг ажээ.

 

Эх сурвалж: The Guardian