Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг компани нугардаг дэлгэцтэй гар утасны шинэ санааг танилцуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр нээгдсэн Самсунгийн хөгжүүлэгчдийн чуулганы үеэр тус компани нугардаг дэлгэцтэй гар утасны шинэ санаагаа танилцуулжээ.

Уг санаа нь бидний сайн мэдэх уламжлалт эвхдэг гар утасны загвар дээр тулгуурлажээ. Ухаалаг гар утасны хувьсгал эхлэхээс өмнө голоороо эвхэгддэг буюу “clam shell”, “flip” загвартай гар утаснууд түгээмэл хэрэглэгддэг байв.

“Нугардаг дэлгэцтэй гар утасны шинэ санаа нь халаасанд багтахуйц байхаас гадна бидний гар утас хэрэглэх аргыг өөрчлөх юм” гэж Самсунгийн туршилт, судалгааны хэсгийн тэргүүн Хесун Жён тайлбарлажээ.

Шинэ загвартай гар утас хэзээ зах зээлд гарах талаар тэр мэдээлэл өгөөгүй юм.

Самсунг нь дэлхийд анхны гэгдэж байгаа нугардаг дэлгэцтэй гар утас Galaxy Fold-ийг саяхан худалдаанд гаргасан билээ. Galaxy Fold анх үйлдвэрээс гармагцаа техникийн олон асуудалтай тулгарснаас нээлтийг нь хэдэн сараар хойшлуулж байсан юм.

Гэсэн хэдий ч Самсунг нугардаг уян дэлгэцтэй гар утас бүтээх санаанаасаа ухрах бодолгүй байгааг өчигдрийн танилцуулга харуулж байна.

Эх сурвалж: The Verge