Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Чимэдбат: Тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэх журам зөрчсөн тохиолдол харьцангуй бага байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэгжих журмын хэрэгжилтийг хангах зорилгоор Тээврийн цагдаагийн албанаас нийслэлийн, төр захиргааны томоохон байгууллагуудын авто баазад шалгалт хийжээ.

Шалгалтад Засгийн газрын үйлчилгээний авто бааз, Цагдаагийн үйлчилгээний авто бааз, Төр захиргааны авто бааз болон Яаралтай түргэн тусламжийн төв хамрагдсан байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат "Шалгалтаар тээврийн хэрэгслийн жолооч нар бааз байгууллагаасаа гараад замын хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалах бүсийг огт хэрэглэдэггүй болон урд цонхондоо хар тень наасан, чанга яригчийг зөвшөөрөлгүй суурилуулсан зөрчил түгээмэл илэрсэн.

Урд салхины цонхондоо теньтэй зургаан автомашиныг илрүүлэн тенийг газар дээр нь хуулж, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцсон бол тусгай дуу дохио байрлуулах хүчинтэй хугацаа нь дууссан нэг тээврийн хэрэгслийг илрүүлэн мөн Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцон ажиллалаа. 

Мөн нийслэлийн төр, захиргааны авто баазаас тээврийн хэрэгслийн нүүрэн талдаа гэрэлтүүлэх хэрэгсэл байрлуулсан зөрчил илэрсэн. Уг нь дүрэмдээ тухайн өнгийн маявикийг тээврийн хэрэгслийн орой дээрээ байрлуулахаар зааж өгсөн байдаг.

Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд хориглосон, хурц, лед гэрлийг нэлээд тавьсан байна. Хот суурин газарт тухайн гэрлийг зориулалтын уутаар хааж явах шаардлагатай.

Харин зөвшөөрөлгүй тусгай дуут гэрлэн дохиог байрлуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгодог.

Шалгалтын үеэр тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэх журам зөрчиж байгаа тохиолдол харьцангуй бага байсан. Тиймээс журмын хэрэгжилт сайн хангагдаж байгаа гэж Тээврийн цагдаагийн албанаас үнэлж байна.

Иймд замын хөдөлгөөнд давуу эрх эдлэх зорилгоор санаатай болон санамсаргүй байдлаар зөвшөөрөлгүй тусгай дуут гэрлэн дохиог байрлуулахгүй байхыг анхааруулж байна" гэсэн юм.

Улсын хэмжээнд тусгай дуут дохио хэрэглэх зөвшөөрөлтэй 944 автомашин бий. Үүнээс улаан дуут гэрэл дохионы зөвшөөрөлтэй 251, хөх өнгийн 58, шар 345, ногоон 348, хөх улаан 42 тээврийн хэрэгсэл байдаг аж.