Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Эрэгтэй сурагчдаа бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан багшийг яллагдагчаар татжээ

Б.Энхзаяа, Өдрийн сонин
2019 оны 10 сарын 29
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Дунд сургуулийн багш 57 настай Э 17 настай хүүг давтлага өгөх нэрээр хуурч, гэртээ аваачжээ-

Фэйсбүүк сүлжээ ашиглалтаараа Азид тэргүүлдэг манай улсын хувьд цахим гэмт хэргийн нөхцөл байдал жилээс жилд хүндэрч байгаа нь цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа тоон мэдээллээс харагддаг. Цахим хаягийн нууц дугаарыг хулгайлж, хаяг эзэмшигчийн өмнөөс бусдаас мөнгө залилдаг гэмт хэрэг хавтгайрсан. Тэгвэл сүүлийн үед цахим сүлжээний хохирогч зөвхөн томчууд байгаад зогсохгүй бага насны хүүхдүүд болох боллоо.

ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛЭХ ГЭМТ ХЭРГИЙГ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БАГШ НАР ҮЙЛДЭЖ БАЙНА

Хамгийн сүүлд гэхэд их сургуулийн багш ажилтай 35 настай С гэгч хуурамч фэйсбүүк хаяг ашиглан удаа дараагийн үйлдлээр бага насны хүүхдүүдийг уруу татаж бэлгийн харьцаанд орсон хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгажээ.

Хохирогч охид 12-16 насных байж. С-д хууртагдаж, гэмт хэргийн хохирогч болсон долоон охин байгаа гэнэ.

Интернэт орчинд үйлдэгдэж байгаа хүүхдийн эсрэг гэмт хэргийн хохирогчид охид байдаг. Гэтэл хөвгүүд ч интернэт гэмт хэргийн хохирогч болдгийг баталсан нэгэн хэрэг цагдаад бүртгэгдэн шалгагджээ. Бас л багш мэргэжилтэй, дунд сургуульд мэргэжлээрээ багшилдаг 57 настай Э гэгч уг хэргийг үйлдсэн байна. Тэрээр гэрээр давтлага өгөх нэрийдлээр 17 настай X гэх хүүг хуурч мэхлэн гэртээ аваачжээ.

Ингээд сурагч хүүд хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан байна. Цагдаа нар Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар зүйлийн 16.8-д зааснаар хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах зүйл ангиар буруутган шалгаж, яллагдагчаар татжээ. Уг хэрэг одоо прокурорын шатанд хянагдаж байгаа аж.

Хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа статистик байдаг. Гэмт хэрэг үйлдэгчийн хувьд ихэнх нь эрхэлсэн ажил, мэргэжилгүй хүмүүс холбогддог нөхцөл байдал бий.

Тэгвэл дээр дурдсан хэргүүдийг дээд боловсролтой, тэр дундаа сурган хүмүүжүүлэгч багш хүн үйлдэж байгаа нь гутамшигтай. Тэр дундаа эрэгтэй хүүхдүүд хохирогчоор нэмэгдэж байгаа нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг газар авсаар байгааг илтгэж байна. Иймд эцэг, эхчүүд, асран хамгаалагчдын хувьд хүүхдийнхээ цахим хэрэглээнд таньж мэдэхгүй хүмүүсээс гадна ойр дотны хүмүүс, багш нартайгаа хэрхэн харьцаж буйг ч давхар анхаарах шаардлагатай болжээ.

Б.Батболд: ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ихэвчлэн ХҮҮХДЭД БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРОХЫГ САНАЛ БОЛГОДОГ

Хүүхэд цахим гэмт хэргийн хохирогч болж байгаа тохиолдол цагдаагийн байгууллагад хэчнээн бүртгэгдэж байгаа, хэрхэн илрүүлдэг тухай албаны хүнээс тодрууллаа. Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Батболд ийнхүү ярьж байна.

-Цахим орчинд хүүхэд гэмт хэргийн хохирогч болох нөхцөл байдал ямар байна вэ?

-Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар бүлэгт заасан “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” хэргүүдийг шалгахаас гадна цахим орчинд үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйл “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах”, 16.9 дүгээр зүйл “Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах”-д заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг.

2018 оны байдлаар хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах төрлийн гэмт хэрэг нийт зургаа бүртгэгдсэн. Харин 2019 оны эхний 10 сарын байдлаар энэ төрлийн хэрэг нийт 18 бүртгэгдсэн тоон судалгаа байна. Гэмт хэрэгтэн нэгдүгээрт шунахайн сэдэлтэй, хоёрдугаарт бэлгийн дур хүслээ хангах зорилгоор хүүхдийн эсрэг интернэт гэмт хэргийг үйлдэж байна.

-Гэмт хэрэгтнүүд цахим орчинд хүүхэдтэй танилцаад дараа нь зураг, хэрэгтэй мэдээллийг нь авдаг. Тэд өөр ямар аргаар хүүхдийг хохирогч болгож байна вэ?

-Дэлхий нийтэд хүүхдийн эсрэг интернэт гэмт хэргийг үйлддэг хүмүүс ихэвчлэн гаж донтой хүмүүс байдаг. Насанд хүрээгүй хүүхдийн порно бичлэг үзэх, зураг солилцох чиг хандлагатай. Монголд маш олон фэйсбүүкийн хаалттай групп, чатууд байдаг. Түүгээр дамжин зураг буюу видео бичлэг ямар ч хараа хяналтгүй цацагдаж байна. Гэмт хэрэгтнүүд ихэвчлэн насанд хүрээгүй хүүхдэд садар самуун сурталчилсан зураг, дүрс бичлэг үзүүлэх, цаашлаад бэлгийн харьцаанд орохыг санал болгодог.

-Хохирогч хүүхдүүдийн хүйсийн харьцаа ямар байна вэ. Эрэгтэй хүүхэд хохирогч болсон тохиолдол байсан уу?

-Дийлэнх нь эмэгтэй хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа. Эрэгтэй хохирогчтой нэг тохиолдол байгаа. Одоогоор шүүхээр шийдвэрлэгдээгүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Цахим орчинд садар самуун сурталчилсан агуулгатай бичлэг, зураг хараа хяналтгүй тархсаар байдаг. Та нар үүн дээр хяналт тавьдаг уу?

-Энэ төрлийн хэргийн онцлог нь насанд хүрээгүй хүүхэд хохирогч болсон байдаг. Гэтэл бага насны хүүхэд хохирогч болсноо мэддэггүй. Зарим нь мэдсэн ч эцэг, эхдээ хэлдэггүй. Т эгэхээр цагдаагийн байгууллагад энэ төрлийн хэрэг нь өргөдөл, гомдлоор орж ирэх тохиолдол ховор. Тиймээс бид өөрсдөө нуугдмал хэргүүдийг илрүүлэх шаардлага гардаг.

Дээр хэлсэн маш олон тооны хувийн, хаалттай групп болон чатуудад бүгдэд нь хяналт тавих боломж байдаггүй.

-Шүүхээр шийдвэрлэгдсэн тохиолдол байна уу. Ямар хариуцлага хүлээлгэж байна вэ?

-Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэргийн тоон мэдээг одоогоор хэлэх боломжгүй байна. Эрүүгийн хуулийн 16.8 дугаар зүйл “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэрэг нь 450 нэгжээс 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, 16.9 дүгээр зүйл “Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах” гэмт хэрэг нь 5,400 нэгжээс 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн санкцтай байдаг.

-Хүүхэд цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаа нар юу хийдэг вэ?

-Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс албан ёсны цахим хуудсаараа дамжуулан сэрэмжлүүлэг, мэдээлэл байршуулах, мөн ерөнхий боловсролын сургуулиудаар явж сурагчдад таниулга, мэдээлэл хийх зэрэг өөр бусад шаардлагатай урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийж ажиллаж байна.

Зураг