Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Аргентин улсыг “Перонистууд” удирдахаар боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Кристина Киршнер, Альберто Фернандез нар

Эдийн засгийн гүн хямралтай байгаа Аргентин улсад ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, зүүн төвийн үзэлтэй нэр дэвшигч Альберто Фернандез ялсан нь тодорхой болжээ.

Нийт саналын 90 хувийг тоолсны дараа Фернандез 47.79 хувийн санал авсан бол одоогийн консерватив ерөнхийлөгч Маурисио Макри 40.71 хувийн санал авсан байна.

Фернандез арванхоёрдугаар сарын 10-нд ерөнхийлөгчийн тангараг өргөхөөр болжээ. Энэ удаагийн сонгууль эдийн засгийн хямрал нүүрлэж, Аргентинчуудын гуравны нэг нь ядуу нөхцөлд амьдарч байгаа цаг үед болж байна. Тиймээс эдийн засгийн амлалтууд сонгуулийн үр дүнг шийдсэн юм.

Одоогийн ерөнхийлөгч Макри ядуурлыг арилгана гэж амлаж байсан ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нөхцөл байдал улам муудсан юм.

Фернандезын дэд ерөнхийлөгч болох хүн нь ерөнхийлөгч асан хатагтай Кристина Фернандез де Киршнер юм. Түүнийг дэлхийн хоёрдугаар дайны дараа Аргентинд нийгмийн халамжийн олон хөтөлбөр хэрэгжүүлж байсан тэргүүн хатагтай Эва Пероны орчин үеийн хувилбар гэж өргөмжилдөг.

Үнэндээ Киршнерийн нэр төр Фернандезыг ерөнхийлөгчийн сонгуульд ялахад нөлөөлсөн гэж ажиглагчид дүгнэж байна.

Ийнхүү эдийн засгийн хүндрэлээс залхаж, нийгмийн халамж үгүйлсэн Аргентинчууд Перонистуудыг дахин сонголоо.

 

Эх сурвалж: BBC