Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Япончуудын 80 гаруй хувь нь эмэгтэй эзэн хаантай болохыг дэмжжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Японы Киодо Ньюс агентлагийн явуулсан судалгаанд оролцогчдын 81.9 хувь нь эмэгтэй хүн эзэн хааны сэнтийд залрахыг дэмжсэн тухай тус агентлаг Ням гарагт мэдээлжээ. Судалгаанд санамсаргүй түүврийн аргаар 732 өрхийн 1,009 хүн оролцсон байна.

Харин оролцогчдын 13.5 хувь нь энэ санааг эсэргүүцжээ. Өнгөрсөн долоо хоногт Япон улсын шинэ эзэн хаан Нарухито сэнтийдээ заларсан билээ.

Сүүлийн жилүүдэд тус улсын эзэн хааны сэнтийг залгамжлах эрэгтэй хүн ховордсон нь эмэгтэй залгамжлагчийн асуудлыг сөхөхөд хүргэж байгаа.

Одоогийн байдлаар Нарухито хааныг залгамжлах эрхтэй гуравхан хүн үлдээд байна. Тэдний нэгдүгээрт эзэн хааны дүү, 53 настай ханхүү Акишино байгаа бол хоёрдугаарт түүний хүү, 13 настай ханхүү Хисахито байгаа юм.

Гурав дахь хүн нь Нарухито хааны авга ах, 83 настай ханхүү Хитачи ажээ.

Эзэн хаан Нарухито болон хатан Масако нар ганц хүүхэдтэй. Тэр нь 17 настай гүнж Айко юм.

Эзэн хааны гэр бүлийн бүсгүйчүүд сэнтийд залрах эрхгүй төдийгүй энгийн хүнтэй гэр бүл болбол хэргэмээсээ татгалзаж, хааны удмын хүнд тооцогдохоо больдог.

Хэдийгээр олон нийт эмэгтэй эзэн хааныг зөвшөрөхөд бэлэн байгаа ч Японы консерватив улс төрчид энэ санааг дэмжихгүй байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Японы хэсэг улс төрчид дэлхийн хоёрдугаар дайны дараа хааны ургийн бичгээс зарим салбар хэсгийг хассан өөрчлөлтийг буцааж, хаан сэнтийд залрах эрхтэй эрчүүдийн тоог нэмэгдүүлэх санал гаргасан юм.

 

Эх сурвалж: AFP