Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Германы нэгэн компани ажлын 5 цагтай өдрийг туршиж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Германы нэгэн компани өдрийн 5 цаг ажилладаг горимыг туршиж байгаа тухай Wall Street Journal мэдээлжээ.

“Rheingans Digital Enabler” нэртэй зөвлөх үйлчилгээний энэ компани Германы Белфилдэд төвлөрдөг юм байна.

Өдөрт цөөн цагаар ажиллах нь ажилтнуудын бүтээмжид сайнаар нөлөөлж байгаагаас гадна гэр бүлдээ зарцуулах цаг ихтэй болсноор сэтгэл ханамж нь дээшилж байгааг компанийн удирдлага ярьжээ.

Гэхдээ ийм горимд ажиллахын тулд зарим нэг хатуу шаардлага тавигддаг гэнэ. Тухайлбал ажилтнууд ажлын цагаар гар утсаа хураалгах ёстой. Мөн ажлын имэйлийг өдөрт хоёр удаа л шалгах хуваарьтай ажилладаг ажээ.

Бас дотоод уулзалтуудыг 15 минутаас хэтрүүлэхгүй богинохон байлгах ёстой гэнэ.

Хүн гар утастай байхдаа хэрэглэхгүй байсан ч гэсэн анхаарал төвлөрөл нь муудаж, ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг тухай 2017 онд АНУ-ын Остин Техасын их сургуулийн хийсэн нэгэн судалгаанд өгүүлсэн байдаг. Бүр гар утсаа унтраасан байсан ч гэсэн муугаар нөлөөлдөг ажээ. Хүний сэтгэл санаа гар утастайгаа байнгын хэлхээ холбоотой болсон байдгийг судлаачид тогтоосон гэнэ.

Сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй орнуудад ажил-амьдралын тэнцвэрийг зохистой хадгалснаар хүний оюуны бүтээмжийг дээшлүүлэх боломжтой гэсэн үзэл давамгайлах хандлагатай байна.

Олон компани байгууллагууд энэ чиглэлд янз бүрийн алхам хийж эхлээд байгаа. Тухайлбал зарим компани 4 ажлын өдөртэй долоо хоногийг туршиж байна. Мөн орой илүү цагаар ажиллахыг нь хүчээр зогсоох, гэрээсээ ажиллах боломжийг хангах зэрэг аргуудыг туршиж байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider