Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Тайванбат: Бөөр, шээсний замын чулууны цогц эмчилгээг амжилттай хийж байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

ESWL (Extracorporeal Shock Wave Lithotripsy)  буюу бөөрний чулууг биеийн гадна талаас долгионоор бутлах аппаратыг анх Монголд оруулж ирэн, 2017 оноос эхлэн эмчилгээнд ашиглаж эхэлсэн эмнэлэг бол “УБ Сонгдо” эмнэлэг билээ.

Тус эмнэлгийн бөөр, шээсний замын чулууны цогц эмчилгээний шийдэл өндөр хувьтай бүрдэж байгаа бөгөөд Монгол Улсын хэмжээнд хамгийн олон хувилбараар чулууг биеэс гаргаж байгаа эмнэлэг болохыг “УБ сонгдо” эмнэлгийн бөөрний мэс заслын эмч Ж.Тайванбат хэлэв. 

Иймд "УБ Сонгдо" эмнэлгийн зүгээс нийслэлийн хэмжээнд Уролог, Нефрологи буюу бөөр шээсний замын эмгэг, мэс заслын болон мэс заслын бус чиглэлээр ажиллаж буй эмч нарын дунд туршлага хуваалцах уулзалт, сургалтыг зохион байгууллаа. 

 

УБ Сонгдо эмнэлгий бөөрний мэс заслын эмч Ж.Тайванбат “Одоогийн байдлаар 110 гаруй бөөрний чулууны тохиолдолд амжилттай мэс засал хийж чулууг буталсан. Аппаратын хувьд үр дүн сайтай байгаа бөгөөд  хамгийн залуу нь 17 настай, хамгийн ахмад нь 82 настай хүн орсон.

Бид энэхүү аппаратад орсон хүмүүсээс 108 хүнийг судалгаанд хамруулахад 74 хувь нь амжилттайгаар чулуу нь гарч, 14 орчим хувь нь үр дүнгээ өгөөгүй буюу цохилтын дараа бага сага хүндрэл гарсан тул мэс заслын эмчилгээ рүү шилжсэн, үлдсэн хувь нь яг одоогийн байдлаар цохигдоод, хяналтад явж байгаа хүмүүс байна.

Улсын хэмжээнд бөөр шээсний замын чулууны өвчлөлийн хувь хэмжээг батлаад гаргасан судалгаа одоогоор байхгүй. Учир нь албан ёсны тоог гаргахад төвөгтэй байдаг” гэв.

Бөөрний чулууг хагалгаа хийлгэж биеэс гаргаж авдаг үе ард хоцорсон
 

Улаанбаатар сонгдо эмнэлгийн бөөрний мэс заслын эмч М.Мөнхжаргал “Бөөрний чулууг зайнаас бутлах эмчилгээ нь хүний биед хүрэхгүйгээр гадна талаас нь аппаратад оруулж байгаад долгионы хүчээр гадна талаас нь фокуслан бутлахыг хэлнэ.   

Бутарсан чулуу нь шээсээр дамжин биеэс гардаг. Тус аппарат нь Тайван улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд хүчин чадал өөрөө шээсний замд байгаа чулууг 86 хувь хүртэлх магадлалтайгаар бутлах чадалтай.

Иймд хүн болгоны чулууг бүгдийг нь бутална гэсэн үг биш. Заалт бүхий хүмүүсийг сонгоод эмчилгээнд оруулдаг юм. Одоо бол бөөрний чулууг хагалгаа хийлгэж биеэс гаргаж авдаг үе ард хоцорсон. 

Одоогийн байдлаар энэ төрлийн аппараттай болсон хамгийн эхний эмнэлэг нь “УБ Сонгдо” эмнэлэг, дараагаар нь улсын Нэгдүгээр төв эмнэлэг, “Нууц увидас” эмнэлэг бий. Бөөрний чулуутай хүн болгон аппаратад орно гэсэн үг биш. Тухайн чулууных нь хэмжээ, байршил зэргээс хамаараад тус эмчилгээнд орж болох эсэхийг нь шийднэ. Мөн ганц удаа цохиод гардаг чулуу ховор байдаг тул бид тухайн хүнд зориулсан өдөр, цагийг нь заасан хуваарь гаргаж өгдөг.

Тэгэхээр тухайн хүн чулуугаа гартал хэдэн ч удаа эмчилгээ хийлгэж болно. Нэг удаагийн эмчилгээний үнэ гэж байхгүй, эмчилгээний туршид хийгдэх шинжилгээний багц үнэ нь тогтмол байдаг.

Дээрээс нь эмчилгээний дараа тухайн хүний эм тан хэрэглэж буй байдал, хөдөлгөөн, ууж байгаа усны хэмжээнээс хамааралтай тул хоёр талаас шалтгаалсан хариуцлагатай эмчилгээний хэлбэр гэж ойлгож болно. Энэ төрлийн эмчилгээнд явж байгаа хүмүүс эмнэлэгт хэвтдэггүй, гэхдээ эмчилгээнд орох хугацаандаа Улаанбаатар хотоос олон хоногоор явахгүй байхыг анхааруулдаг.

Яагаад гэвэл эмчилгээнд орсны дараагаараа чулуу нь бутраад биеэс гарахдаа хүчтэй өвдөлт өгөх зарим тохиолдолд цусаар шээх аюултай нөхцөл үүсдэг тул бид дараагийн арга хэмжээгээ авах ёстой болдог юм” гэв.

 
 

Уролог, Нефрологийн эмч нарын дунд зохион байгуулагдсан туршлага хуваалцах уулзалт, сургалтад нийт 50 орчим эмч нар оролцлоо.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.