Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Гантулга: Тэтгэвэрт гарсан өдрөөсөө нийгмийн эмзэг бүлэг рүү ордог явдлыг өөрчлөх цаг болсон

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 10 сарын 28
iKon.MN
 

Ард Санхүүгийн Нэгдэл энэ оны гуравдугаар улирлын санхүү болон үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

Тус улиралд Ард Санхүүгийн Нэгдэл Монголын хөрөнгийн бирж дээрх нээлттэй компани болсон нь онцлох үйл явдлын нэг байв. 

Ингэснээр нийт хувьцаа эзэмшигчдийн өмч нь тус улиралд 55 тэрбум болж оны эхэн үеэс өсжээ. Мөн нийт хөрөнгө нь энэ оны гуравдугаар улирлын байдлаар 68 тэрбум төгрөг болсон бөгөөд 50 гаруй тэрбум төгрөг нь урт хугацааны хөрөнгө оруулалт аж. 

Ийнхүү Ард Санхүүгийн Нэгдлийн охин компаниуд гуравдугаар улиралд өөр өөрсдийн онцлогтойгоор, амжилттай ажилласан болохыг удирдлагуудын зүгээс онцолсон юм.

 

Тухайлбал, Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай үндэсний компани болох Ард Кредит ББСБ ХК нь 2011 онд үүсгэн байгуулагдан, Монгол Улсад бичил болон жижиг зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд компанийн нийт хөрөнгө гуравдугаар улирлын байдлаар 20 тэрбум төгрөг болжээ.

Үүгээр зогсохгүй Япон улсын Крауд Кредит сантай хамтран ажиллах 5 сая долларын санхүүжилтийн гэрээний дагуу долоон удаагийн 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт компанийн дансанд орсон нь олон улсад итгэл хүлээж буйн илрэл юм.

Та бидний сайн мэдэх тус компаниас гаргасан Ард Аппд шинэчлэлд хийгдэн төлбөр төлөх боломжууд нэмэгдсэн нь мөн энэ улирлын бас нэгэн онцлог байв. Тун удахгүй Ард Апп-ын шинэчилсэн хувилбарыг танилцуулах аж.  

Харин Ард Даатгалын тухайд нийт хураамжийн орлого 8.2 тэрбум орчим байгаа аж. Нийт хураамжийн орлогоороо өнгөрсөн жилийн мөн үеэс 700 саяар буурсан боловч компанид цэвэр ашиг болж үлдсэн хураамжийн орлого нь эсрэгээрээ найман хувиар үзүүлэлттэй гарчээ. Харин нийт хөрөнгө нь гуравдугаар улирлын байдлаар 20 тэрбум төгрөг болжээ.

Мөн зах зээлийн хөрөнгө нь 18 тэрбум төгрөг болон өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй гарсныг онцлов. 

Ард Санхүүгийн Нэгдэл нь 20 компанид хөрөнгө оруулалт хийж эзэмшдэг билээ. 

/Хүснэгт дээр дарж томруулж харна уу/

 

Ард Санхүүгийн Нэгдлийн гуравдугаар улирлын онцлох үйл ажиллагаанаас дурьдвал:

  • 8 сарын 9-нд Ард Санхүүгийн Нэгдэл охин компани болох Тэнгэр Системс ХХК-аар дамжуулан Зип Такси ХХК-д хөрөнгө оруулалт хийв.
  • 8 сарын 22-нд АрдКойн (ARDX) Австралийн BTCEXA олон улсын бирж дээрх арилжаалагдахаар болов.
  • 8 сарын 30-нд АрдКойн (ARDX) Австралийн BTCEXA (btcexa.com) криптовалютын бирж дээр амжилттай гарч, арилжаагаа эхлүүлсэн.
  • 9 сарын 2-нд  АрдКойн (ARDX) олон улсын КойнМэрит криптовалют мэдээллийн санд бүртгэгдэв.
  • 9 сарын 18-нд АрдКойн (ARDX) олон улсын томоохон криптовалютын бирж болох Стэкс (STEX) дээр арилжаалагдаж эхэлсэн.
 
Арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт "Хөрөнгө Оруулагч Үндэстэн" хурал болно

Тайлангийн танилцуулгын төгсгөлд "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Хамгийн шилдэг менежментийн баг "ард хүчтэй, хамтдаа" уриан доор ажиллах болно. Мөн ирэх арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт "Хөрөнгө Оруулагч Үндэстэн" хурал зохион байгуулагдана. "Ард Лайф" компанийн гүйцэтгэх захирлаар санхүүгийн салбарт олон жилийн туршлага хуримтлуулсан, Сүү ХК, ЛендМн ХК команиудын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Гантулга томилогдон энэ долоо хоногоос эхлэн ажилдаа ороод байна” гэв. 

 
Фэйсбүүк хуудаснаас ашиглав

"Ард Лайф" компаний гүйцэтгэх захирал Б.Гантулга "Миний бие "Ард Лайф" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлж байна. 16 жил ажиллахдаа хувийн секторт ажиллаж үзээгүй салбар, санхүүгийн чиглэл гэж байхгүй. Энэ хугацаанд ажигласан нэг зүйл маань өдөр тутмын ажлаа хийгээд цалингаа аваад явдаг хүмүүст нэг дутагдаж буй зүйл нь үндэсний баялаг огт үүсдэггүй явдал болохыг олж харсан. Үндэсний баялаг гэдэг зүйл нь зүгээр нэг хөрөнгө мөнгө биш илүү баялаг "wealth" гэдэг утгаараа.  

Энэ баялаг гээд байгаа нь Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн сан дээр тогтдог юм байна. Гэтэл бид энэ асуудал дээр чимээгүй явсаар 30 жил боллоо. Өөрөөр хэлбэл, улс орны иргэдийн дундаж давхаргын дархлаа нь болсон Нийгмийн даатгал тэр дотроо Тэтгэврийн сан дээр ямар ч өөрчлөлт гарсангүй. Харин ч дордож, Энэ хугацаанд нийгмийн даатгалын сан нь хоосорч, ямар ч хараа хяналтгүй болсон байна.

Иймд Нийгмийн даатгалын санг хувьчлах шаардлагатай. 100 хувь биш юм аа гэхэд Тэтгэврийн сан, Эрүүл мэндийн даатгалын сангаас эхлээд энэ төрлийн шинэчлэл хийгдэх ёстой.

Өнөөдөр тэтгэвэрт гарч байгаа хүмүүс тэтгэвэрт гарсан өдрөөсөө эхлээд бага орлоготой, нийгмийн эмзэг бүлэг рүү ороод явчихдаг. Тэгэхээр энэ шинэчлэл зайлшгүй хийгдэх шаардлагатай. Цаг үе нь болсон ба ирэх жилийн сонгуульд бэлдэж байгаа хүмүүсийн мөрийн хөтөлбөрт Нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийг заавал оруулж өгөх шаардлагатай. Энэ бол миний "Ард Лайф"-ыг сонгосон шалтгаан. 

Хөрөнгийн зах зээлийн сэргэлтэд тулгуурлан энэ өөрчлөлтийг хийх боломжтой. Энэ ажлыг гардаж аваад, манлайлахаар зорьж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.