Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Африкийн бүх 54 улсын удирдагчид ОХУ-д цугларчээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Орос-Африкийн анхны дээд хэмжээний чуулга уулзалт өчигдөр Хар тэнгисийн эргийн Сочи хотод эхэлжээ.

Анх удаагаа болж буй уг арга хэмжээ нь Оросын нөлөөг Африкт тивд өсгөх зорилготой. 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин чуулганыг нээж үг хэлэхдээ ойрын жилүүдэд Африк тивтэй хийдэг худалдааны хэмжээгээ хоёр дахин өсгөх төлөвлөгөөгөө зарласан юм. Одоогийн байдлаар тус тивтэй ОХУ $20 гаруй тэрбумын худалдаа хийдэг. Энэ нь сүүлийн таван жилд хоёр дахин өссөн үзүүлэлт юм байна.

Путин хоёр өдөр үргэлжлэх чуулганд оролцож буй Африк тивийн бүх 54 орны удирдагчидтай тус тусад нь уулзаж ярилцахаар төлөвлөжээ. “Африк тивд маш олон ирээдүйтэй түншүүд, өсөлтийн асар их боломж бий. Өнөөдрийн бидний худалдааны хэмжээ үүнтэй харьцуулахад хангалтгүй байна” гэж Путин хэлсэн байна.

Тэр бас Африкийн орнуудын $20 гаруй тэрбумын өрийг тэглэсэн тухайгаа энэ үеэр мэдэгджээ.

Зөвлөлт Холбоот Улсын үед Москва нь Африк тивийн нөлөө бүхий тоглогч байв. Тухайн үед Африкийн олон оронд тусгаар тогтнолын хөдөлгөөнийг дэмжиж, олон удирдагчдыг нь бэлдэж өгч байжээ.

Харин 1991 онд ЗХУ задарснаар Оросуудын нөлөө алдагдаж, оронд нь Хятад улс топ түнш нь болсон юм. 2000 онд Хятадын эрх баригчид анхны Хятад-Африкийн чуулганыг зохион байгуулж, тэрбум тэрбумаар нь хөрөнгө оруулж эхэлсэн.

Эдийн засаг, санхүүгийн хүчин чадлаар Москва Бээжинг гүйцэхгүй ч зэр зэвсэг, сансрын технологийн хөрөнгө оруулалтаар өрсөлдөх төлөвтэй байна.

Оросын Африк тивтэй хийдэг худалдааны хэмжээ одоогоор Франц улсын тус тивтэй хийдэг худалдааны талд ч хүрэхгүй байгаа бол Хятад-Африкийн худалдааны аравны нэгт ч хүрэхгүй байна.

 

Эх сурвалж: AFP