Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

#НүүдэлШийдэл: Авлигагүй улсад л төрийн тэтгэврийн сан зөв ажиллана. Харин Монголд?

Ч.Болортуяа
2019 оны 10 сарын 23
iKon.MN

2020 оноос эхлэн та бидний төлж буй нийгмийн даатгалын шимтгэл 2%-иар нэмэгдэнэ. Ажил олгогч талд 1%, ажилтан 1%-ийг нэмж тэтгэврийн даатгалаа төлнө.

2018 оноос эхэлсэн шимтгэл нэмэгдэлт нь ийнхүү 2020 онд дуусаж нийтдээ 3 жилийн хугацаанд 5%-иар тэтгэврийн даатгалын шимтгэл нэмэгдэж байгаа билээ.

Тодруулбал, НД-ын шимтгэл:

  1. 2018 онд 2 хувиар,
  2. 2019 онд 1 хувиар,
  3. 2020 онд 2 хувиар тус тус нэмэгдэж байна.

Ингэснээр ажилтан, ажил олгогчдын төлж буй НДШ-ийг төрлөөр нь харвал:

Нийгмийн даатгалын төрөл

Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/

Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/

Тэтгэврийн даатгал

9.5 (7 байсан нь 2018 онд 1, 2019 онд 0.5, 2020 онд 1%-иар тус тус нэмэгдсэн дүн)

9.5 (7 байсан нь 2018 онд 1, 2019 онд 0.5, 2020 онд 1%-иар тус тус нэмэгдсэн дүн)

Тэтгэмжийн даатгал

1.0

0.8

Эрүүл мэндийн даатгал

2.0

2.0

Ажилгүйдлийн даатгал

0.2

0.2

Шимтгэлийн дүн

12.7

12.5

Хэдийгээр НДШ ийнхүү нэмэгдсээр байгаа ч тэтгэврийн сан алдагдалтай хэвээр байгаа юм. Энэ тухай хэлэлцүүлгийг Даваа гарагийн "Нүүдэл Шийдэл" нэвтрүүлгээр хийлээ.

Хэлэлцүүлэгт уригдан ирсэн зочдын байр суурийг хүргэж байна.

Зөвхөн шимтгэлийг нэмлээ гээд энэ урт хугацааны реформ биш. Богино хугацааны л арга
 

ХНХЯ-ны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал

  1. Тэтгэврийн тогтолцоо яаж ажиллах ёстой талаар Дэлхийн банк 6 шалгуур үзүүлэлт тавьдаг. Үүний хамгийн чухал нь тогтвортой байдал.

  2. Зөвхөн Монгол улсын Тэтгэврийн сан асуудалд ороод байгаа хэрэг биш.

  3. Одоо Монгол улсад 417,000 тэтгэвэр авагч байна. Үүнээс 317,000 мянга нь өндөр насны тэтгэвэр авагч.

  4. 2008 онд Тэтгэврийн даатгалын шимтгэл 19 хувь байсныг тухайн үеийн хуультай уялдуулж 14 хувь болгон бууруулсны үр дүнд санг тогтворгүй болгосон. Дээр нь насжилтын асуудал байна. Энэ 2 асуудлыг шийдэхийн тулд л шимтгэлийг нэмэгдүүлж байгаа юм.

  5. Хүн ам зүйн цонхны таатай үе дуусахад маш олон тэтгэвэр авагч нэмэгдэж, даатгуулагчдын тоо цөөрнө.

  6. Нийгмийн даатгалын 5 сан бий. Үүнээс зөвхөн Тэтгэврийн даатгалын сан алдагдалтай байгаа. Бусад 4 сан нэмэх баланстай явж байгаа.

  7. Тэтгэврийн даатгалын сан алдагдалтай байгаа учраас шимтгэл нэмэгдэж байгаа.

  8. Тэтгэврийн шинэчлэлийн бодлого дээр алдагдлыг ДНБ-ий 2 хувьд барих гол зорилго байгаа. Огт алдагдалгүй болгож бид нар чадахгүй.

  9. Зөвхөн шимтгэлийг нэмлээ гээд энэ урт хугацааны реформ биш. Богино хугацааны л арга.

  10. Манай яаманд Нийгмийн даатгалын багц 6 хууль боловсруулагдаж байгаа.

  11. ОУ-ын хөдөлмөрийн байгууллагын 102-р конвенц гэж бий. Нийгмийн баталгааны доод хэмжээг 40 хувиар тогтоосон байдаг. Манай улс 45 хувиар тооцож тэтгэвэрийн босго тогтоож байгаа.

Байгууллагын төлж байгаа шимтгэл тухайн ажилтанд ямар ч үр өгөөж авчрахгүй байна
 

СЭЗИС-ийн багш, дэд профессор, доктор С.Бямбахорол

  1. Монгол улс Азийн улсууд дундаа Нийгмийн даатгалын өндөр шимтгэл төлдөг улсын тоонд орно.

  2. Байгууллагын төлж байгаа шимтгэл тухайн ажилтанд ямар ч үр өгөөж авчрахгүй байна.

  3. Тэтгэврийн сангийн алдагдлыг нөхөхийн тулд өндөр цалинтай хүн хохирч байна л гэсэн үг.

  4. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж байгаа нь ажил олгогч, ажилтантайгаа харилцан тохироод цалингаа нуун дарагдуулах нөхцөлийг үүсгэж байна. Энэ нь далд эдийн засгийг дэмжиж байгаа хэлбэр юм.

  5. Тэтгэврийн санг нэг мөсөн системээр нь шинэчлэхгүй бол засагдахад хэцүү.

  6. Шимтгэл нэмэгдсэнээр ажил олгогчид цалингаа ч нэмж чадахгүй байдалд хүрч байна.

  7. Даатгал гэдэг чинь ихийг төлөх юм бол их эрсдлийг хаах тухай асуудал. Энэ зарчим манайд алдагдсан.

  8. Тэтгэврийн сан алдагдалтай байхад нэг хүний тэтгэврийг 50,000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарах гэж байна. Алдагдалтай хэрнээ тэтгэвэр нэмэх гэж байгаа нь санал худалдаж авах гэж байгаа юм шиг харагдаж байна.

  9. Ард иргэдийн санхүүгийн боловсрол дутмаг байна. Нийгмийн даатгалын шимтгэл нь өсөж байгаа гэдгийг бараг 80 хувь нь мэдэхгүй сууж байж мэдэх юм.

Нийгмийн даатгалыг үр дүнгүй болгож байгаа процесст нийгмийн халамж нөлөөлж байна
 

СЭЗИС-ийн ОУ-ын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэшсэн сургуулийн ахлах багш Ч.Өнөржаргал

  1. 1995-2006 оныг дуустал Тэтгэврийн даатгалын шимтгэлд ажил олгогч 13.5 хувь, даатгуулагч 5.5 хувь нийлээд 19 хувийн шимтгэл төлдөг байсан. Тухайн үеийн улс төрийн амлалтын бодлогын хүрээнд дөрвөн 10-ын бодлого гэдгээр даатгуулагчийн шимтгэлийг 10, 10 хувь болгосон.

  2. Даатгуулагчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд ажлаа хийгээч гэж уриалмаар байна.

  3. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмснээр ажилтны бодит орлогыг бууруулсан хэрэг.

  4. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор өндөр цалин авдаг иргэдийн  гар дээр ирдэг мөнгө буурч байна.

  5. Хүн гэж байгаа бол Нийгмийн даатгал байхаас өөр аргагүй юм. Хүний амьдралд олон эрсдэл тулгарна, тиймдээ ч бидэнд нийгмийн даатгал хэрэгтэй.

  6. Ер нь цаашид гурван тулгуурт тэтгэврийн тогтолцоонд шилжих ёстой.

  7. Тэтгэвэр авагч бүр өөрийн төлсөн шимтгэл, гаргасан хүчин чадалтайгаа дүйцэхүйц хэмжээний үр ашгийг хүртэх ёстой.

  8. Манай улсад 600,000 төгрөгийн цалинтай хүн, 300,000 төгрөгийн цалинтай байсан хүнтэй ижил тэтгэвэр авч байна.

  9. Даатгуулагчдын идэвхийг нэмэгдүүлж байж сангийн орлого нэмэгдэх ёстой.

  10. Илүү шимтгэл төлж байгаа хүн илүү тэтгэвэр авах ёстой.

  11. Нийгмийн даатгалыг үр дүнгүй болгож байгаа процесст нийгмийн халамж нөлөөлж байна.

Авлигагүй улсад л төрийн тэтгэврийн сан зөв ажиллана
 

Эдийн засагч Г.Батзориг

  1. Нийгмийн даатгалын системийг товчоор хэлбэл “дампуурчихсан” систем.

  2. Бид нар нийгмийн хамгаалал, халамж, тэтгэвэр гэдэг ойлголтуудаа салгах ёстой.

  3. Одоогийн систем дампуурчихсан гэдэг шалтгаан нь 60 жилийн дараа гэхэд яг одоогийн системээрээ явбал бид бүхний баялгийн 6 хувьтай тэнцэхүйц алдагдалтай буюу дампуурч байгаа гэсэн үг.

  4. Мөн энэ хэвээр явсаар байвал би орлогынхоо 40 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэвэр авна гэсэн үг.

  5. Энэ систем цаашид явахгүй гэдгийг бид тооцоо судалгаанаас харж байна. Нийгмийн даатгалын системд зайлшгүй шинэчлэл хийх шаардлагатай.

  6. Гурван тулгуурт тэтгэврийн системд олон улсууд аажмаар ордог. Уг системээр, жишээ болгоод үзэхэд шимтгэл төлөгч шимтгэлийнхээ 2 хувийг хувийн тэтгэврийн санд, үлдсэн 12 хувийг Нийгмийн даатгалын сандаа өгөх байдлаар зохицуулалт байдаг.

  7. Манай улсад байгууллагын түвшинд 2 байгууллага энэ аргыг тооцож явж байгаа. Ажилтнууддаа тэтгэврийн сан бүрдүүлж байгаа гэсэн үг. Жишээ нь, Голомт Банкны ажилтан миний хувьд цалингийн 2 орчим хувиа хувийн тэтгэврийн сандаа хийгээд явахад 30 орчим жил ажилласны дараагаар 100 сая орчим төгрөг авах боломжтой байна.

  8. Бүс нутгийн орнуудтай харьцуулахад манай дундаж нас нэлээн доогуур, тэтгэврийн нас нь өндөр байна. Үүнээс үзэхэд хүн ажиллаж ажиллаж байгаад тэтгэврээ 1-2 жил аваад нас барах тохиолдол гарч ирж байна.

  9. Бүс нутгийнхаа улсуудтай харьцуулахад бид хамаагүй хатуу нөхцөлтэй байна.

  10. Япон, Сингапур шиг засаглал сайн хөгжсөн авлига авах боломжгүй улсуудад л төрийн Тэтгэврийн сан үнэн зөв ажиллана. Манайд бол ажиллахгүй.

  11. Одоо бид айж бэмбийх шаардлагагүй хувийн тэтгэврийн тогтолцоонд шилжих хэрэгтэй.



"Нүүдэл шийдэл" нэвтрүүлгийн давталтын дугаарыг та бүхэн Ням гарагийн 17:20 цагаас Монгол ТВ телевизээр үзэх боломжтой.

Онлайнаар https://www.ori.mn/ сайтаас нөхөж үзэж болно.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.