Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Испанийн засгийн газар дарангуйлагч агсны шарилыг бунхнаас гаргаж, оршуулах өдрийг товложээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Испани улсын засгийн газар тус улсыг олон жил захирсан дарангуйлагч Франциско Франкогийн шарилыг Пүрэв гарагт бунхнаас гаргаж, энгийн оршуулгын газарт шилжүүлэхээр болжээ.

Франкогийн шарил одоо нийслэл Мадридын ойролцоох иргэний дайнд амь үрэгдэгсдийн дурсгалын цогцолборт бунхлагдсан байдаг. 

Шарилыг бунхнаас гаргасны дараа нийслэлээс хойш 20 км зайнд орших нийтийн оршуулгын газарт, эхнэрийнх нь булшны дэргэд оршуулахаар болжээ.

Нийт 35 км орчим зайтай газарт шарилыг шилжүүлэхдээ нисдэг тэрэг ашиглахаар болсон байна. Саяхан Испани улсын дээд шүүх Франкогийн шарилыг бунхнаас гаргахыг эсэргүүцсэн гэр бүлийнхнийх нь гомдлыг хэрэгсэхгүй болгосноор дарангуйлагчийг дахин оршуулах боломжтой болжээ.

Франко нь 1936 онд Испанийн ардчилсан засгийн газрын эсрэг иргэний дайн эхлүүлж ялснаар 1939-ээс 1975 оны хооронд өөрийн дэглэмийг тогтоосон юм.

Тэрээр 1975 оны арваннэгдүгээр сарын 20-нд нас барахад шарилыг нь бунханд залсан байна. 2007 онд батлагдсан Түүхийн Дурсгалын хуулинд Франкогийн шарилыг бунхнаас гаргах, бунхалсан байгууламжийг нь Испанийн иргэний дайнд амь үрэгдсэн 100 мянга орчим хүний дурсгалд зориулан өөрчлөхөөр заасан юм. Гэвч Франкогийн гэр бүлийнхэн үүнийг эсэргүүцэж, олон удаа хойшлуулаад байжээ.

 

Эх сурвалж: Associated Press