Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Израйлийн ерөнхий сайд Нетаньяху шинэ засгийн газар байгуулах боломжгүй болсноо зарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Бэнни Ганц, Бенжамин Нетаньяху нар

Есдүгээр сард болсон парламентын сонгуулийн үр дүнд Израйлийн улс төрийн хүчнүүд эвслийн засгийн газар байгуулах ёстой болсон юм.

Сүүлийн 10 орчим жил ерөнхий сайдаар ажиллаж байгаа Бенжамин Нетаньяху эвсэл байгуулахаар бусад улс төрийн хүчнүүдтэй олон удаа хэлэлцээ хийсэн ч үр дүнд хүрээгүй тул шинэ засгийн газар байгуулах боломжгүй болсноо мэдэгджээ.

Одоо Израйлийн ерөнхийлөгч Рювен Ривлин засгийн газар эмхлэн байгуулах 28 өдрийн хугацааг Нетаньяхугийн гол өрсөлдөгч Бэнни Ганцад өгч байна.

Нетаньяху эвсэл байгуулах саналыг Ганцын “Хөх ба цагаан” намд тавьсан ч татгалзсан юм.

Өнгөрсөн сонгуулиар Израйлийн 120 суудалтай парламентад үнэмлэнхүй олонх тодорч чадаагүй тул эвслийн засгийн газар байгуулагдах нь зайлшгүй болсон байна.

Нетаньяхугийн Ликуд нам 32 суудал авсан бол Бэнни Ганцын “Хөх ба цагаан” нам 33 суудал авч бусад улс төрийн хүчнүүдийг тэргүүлж байжээ.

Өнгөрсөн хавар болсон эхний сонгуулиар мөн засгийн газраа байгуулж чадаагүй тул есдүгээр сард дахин сонгууль явуулсан юм. Хэрвээ одоо дахин бүтэлгүйтвэл гурав дахь сонгууль явуулах ёстой болно.

Ерөнхийлөгч Рювен Ривлин гурав дахь удаагаа сонгууль зохион байгуулахаас зайлсхийхийн тулд Бэнни Ганцын оролдлого бүтэлгүйтвэл олон санал авсан гуравдагч этгээдэд засгийн газар байгуулах боломж олгоно гэж мэдэгджээ.

Бэнни Ганц нь Нетаньяхуг ерөнхий сайд байх үед Израйль улсын зэвсэгт хүчний командлагч байсан юм. Хоёрдугаар сард өөрийн шинэ намыг байгуулсан тэрээр Израйль улсыг зөв замд нь оруулах амлалт өгч, Нетаньхутай өрсөлдөж эхэлжээ.

 

Эх сурвалж: BBC