Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг арваннэгдүгээр сарын 28-ныг хүртэл хорих шийдвэр гаргажээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар энэ сарын 21-нд Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон байна

Түүнийг удаа дараа шүүх хуралдаанд саад учруулж, хойшлуулж байсан учраас ийнхүү хорих захирамж гаргажээ. Тодруулбал, аравдугаар сарын 21-нд буюу өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд З.Баянсэлэнгэ болон тус яамны мэргэжилтэн М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан товлогдсон. Гэвч З.Баянсэлэнгэ шүүгч, шүүх бүрэлдэхүүн болон тухайн дүүргийн шүүхээс татгалзаж буйгаа мэдэгдсэн байна. Гэхдээ тэрбээр шүүхээс татгалзаж байгаа шалтгаанаа үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй аж. Ингээд зогсохгүй өмгөөлөгчөөсөө ч татгалзах санал гаргажээ. 

Шүүх бүрэлдэхүүн З.Баянсэлэнгийн хүсэлтийг үндэслэлгүй учир хүлээж аваагүй байна. Харин өмгөөлөгчөөсөө татгалзах саналыг нь хүлээн авчээ. З.Баянсэлэнгэ болон түүний өмгөөлөгч өмнө нь хоёр удаа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байсан юм . 

Шүүхээс дараагийн шүүх хурлыг арваннэгдүгээр сарын 28-нд товлосон бөгөөд тэр хүртэл З.Баянсэлэнгийг хорих шийдвэр гаргасан байна

Хэргийн талаар эргэн сануулахад, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэн 19.2 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна. Харин улсад учруулсан 972.4 сая төгрөгийн хохирлыг “Бэрэн” группээс гаргуулахаар болсон юм. Шүүхийн энэхүү шийдвэрт Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэл гаргаснаар Улсын дээр шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхэд буцаасан билээ. Прокурорын байгууллагаас эсэргүүцэл гаргахаас гадна З.Баянсэлэнгэ өөрийгөө буруугүй гэж үзэн торгууль төлөхөөс татгалзаж байсан. 

Ийнхүү уг хэрэг дахин анхан шатны шүүхээр шийдэгдэх болов. Ингэхдээ НПГ-аас З.Баянсэлэнгийн хэргийг тухайн үед Төрийн банкны захирлаар ажиллаж байсан Д.Баярсайханы хэрэгтэй нэгтгэн яллах дүгнэлт үйлдсэн байна. Учир нь БХБЯ-ны мэргэжилтэн М.Болортуяагийн нэг үйлдэл нь Д.Баярсайхантай холбогджээ. Д.Баярсайхан нь Төрийн банкны захирлаар ажиллаж байхдаа БНХАУ-ын “Шинжан Шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгосон хэрэгт холбогдсон юм.