Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Албан тушаалаасаа үндэслэлгүй халагдсан нь шүүхээр тогтоогдчихоод байхад эргүүлэн томилохгүй байна"

П.Сайнжаргал, IKON.MN
2019 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэслэлгүй ажлаас халагдсан иргэд түр хороо байгуулж, “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа.

Ажлаасаа үндэслэлгүй халагдсан нь гурван шатны шүүхээр тогтоогдчихсон ч тэднийг албан тушаалд нь эргүүлэн томилохгүй байгаа тул ийнхүү мэдээлэл хийсэн юм. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Дархан-Уул аймаг дахь МСҮТ-ийн захирал асан Ч.Лхагвасүрэн “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны эрхэм зорилгод иргэдийн хөдөлмөрлөх, хөгжих таатай орчныг бий болгоно гэж тодорхойлсон. Гэтэл хууль шүүхийн шийдвэр гарчихаад байхад ажилд эргүүлэн томилохгүй, хөдөлмөрлөх эрхийг хааж байгаа юм. Би л гэхэд 2017 онд ажлаасаа үндэслэлгүй халагдсанаар гурван жилийн хугацаанд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал маань тасалдаж, ямар нэгэн тусламж үйлчилгээ авах боломжгүй болсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон удирдлагууд хүний хөдөлмөрлөх эрхийг уландаа гишгэж байгааг орчин цагийн шинэ хэлмэгдүүлэлт гэж үзэж байна.

Би гурван жилийн хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний аудитын газар гээд төрийн олон байгууллагад хандлаа. Гэвч төрийн байгууллага үнэхээр хүнийхээ төлөө ажилладаггүй юм байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ сайдын албан бичигт “Энэ хүнийг ажилд нь томилох нь зүйтэй” гэж С.Чинзориг сайдад хүргүүлсэн ч дарга, сайдын албан бичгийг огт хэрэгсдэггүй. Төрийн байгууллага бие бие рүүгээ цаас шидэхээс өөр ажил хийдэггүй юм байна. Цаашид би хүрэх газар нь хүртэл дуу хоолойгоо хүргэж тэмцэх болно” хэмээн ярилаа 

 
Гэрэл зургийг MPA.mn

Дархан-Уул аймагт Төрийн банкны захирлаар ажиллаж байсан Г.Отгонбаяр “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гаргасан албан даалгавруудыг өөрийнх нь томилсон албан тушаалтнууд, өөрийнх нь сайд нар аль шатанд нь завхруулж байна вэ гэдгийн тод жишээг бид цуглуулж чадсан. Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан хүмүүсийн 90 орчим хувь нь зохих хэмжээний удирдах албан тушаал хашиж байсан. Ерөнхий сайд, бүх шатанд хууль л хэрэгжүүлээд өгөөч ээ, хууль хэрэгжүүлэхгүй албан тушаалтан байвал надад хэлээд өг, тэр хүнийг өнөөдөр би ажлаас нь халаад өгье гэж хэлсэн. Би энэ гурван жилийн хугацаанд Улаанбаатар руу 30-40 удаа ирлээ. Тэгтэл өнөөдөр асуудал маань шийдэгдээгүй л байна. Хууль бусаар ажлаас халагдаад, дарга цэргийн нэг нэгэн рүүгээ шидэлцсэн бичгийг нь өөртөө цуглуулж, золиос болоод явж буй хүмүүс бидэнтэй нэгдээрэй” гэв. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Баянзүрх дүүргийн 2-р хорооны иргэн Х.Цэдэнбал “Би Баянзүрх дүүрэгт хороон Засаг даргаар ажиллаж байсан. Манай дүүргийн гурван хорооны Засаг дарга яг нэг өдөр халагдсан. Харин дүүргийн Засаг даргын энэ шийдвэрийг хүчингүй болгоод биднийг буцааж томилсон шийдвэр гаргачихаад байхад биелүүлдэггүй. Ийм байдал хууль сахиулах байгууллага, дүүрэг төдийгүй төсвийн захирагчдад их хамааралтай. Буруу шийдвэр гаргасан хүн өөрөө хохирлоо барагдуулахгүй, төсвөөс хохирлыг нь барагдуулдаг.  Гэтэл тэд буруу шийдвэрийг дураараа гаргаж, дур мэдэн ажлаас халж, чөлөөлж, хууль зөрчиж байна. Гол нь албан тушаал авах гэсэндээ биш, шударга байхыг л чухалчилж байна” гэлээ.