Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн эрх баригчид олон хүний амийг аврахын тулд Эль Чапогийн хүүг суллаж явуулснаа тайлбарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Мексикийн баруун бүсийн Кулиакан хотод аюулаас хамгаалах албаныхан алдартай хар тамхины картелийн толгойлогч Эль Чапо хочит Гузманы нэг хүүг баривчилсан юм.

28 настай Овидио Гузман Лопез нь Эль Чапогийн хоёр дахь эхнэрээс төрсөн дөрвөн хүүхдийн нэг ажээ. 62 настай Эль Чапо нэгэн үе Синалоа картелийг байгуулж, АНУ-ын хамгийн том хар тамхины нийлүүлэгч болж байв.

Тэрээр хоёр удаа Мексикийн өндөр хамгаалалттай шоронгоос оргож байсан ба 2016 онд гурав дахь удаагаа баривчлагдсаны дараа АНУ-д шилжүүлэгдэж байжээ. Одоо тэр нийт 10 төрлийн гэмт хэрэгт буруутгагдан Америкийн шоронд бүх насаар хорих ял эдэлж байгаа.

Овидиог баривчилсны дараа Синалоа картелийн гишүүд Кулиакан хотыг барьцаалж, дайны талбар болгосон юм. Тоогоор давуу зэвсэгт этгээдүүд цагдаа, аюулаас хамгаалахын ажилтнууд руу довтолж, автомашинуудыг шатааж, гудамжнуудад хаалт үүсгэжээ.

Гэмт этгээдүүд пулемёт буугаар зэвсэглэсэн байснаас гадна тэдний дунд мэргэн буучид байсан тухай гэрчүүд мэдээлж байна.

Энэ үеэр хамгийн багадаа найман хүн алагдаж, 16 хүн шархдсан тухай Мексикийн эрх баригчид мэдээлжээ. Кулиакан хот бүхэлдээ хар утаагаар бүрхэгдэж, хүчирхийлэл газар авах төлөвтэй болсон тул хуулийнхан Овидио Гузман Лопезыг суллаж явуулахаас өөр аргагүй болсон байна.

Энэ шийдвэрийг Мексикийн дотоод хэргийн сайд Альфонсо Дуранзо хэвлэлийн хурлын үеэр зарлажээ.

Дараа нь Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор энэхүү шийдвэрийг хамгаалсан мэдэгдэл хийсэн байна.

“Манай хүмүүсийн гаргасан шийдвэр зөв байлаа. Гэмт хэрэгтнийг баривчлах нь олон хүний амь наснаас илүү үнэтэй зүйл байх ёсгүй” гэж тэр хэвлэлийн хурал дээр мэдэгджээ.

Овидиог суллахад Синалоа картельтай ямар нэг хэлэлцээ хийгээгүй гэдгийг тэр баталсан байна.

Эль Чапог баривчлагдсанаас хойш Овидио Гузман Лопез болон түүний бусад ах, дүүс нь Синалоа картелийн эрх мэдлийг атгаж байгаа гэгддэг.

 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: BBC, Reuters