Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Дэлгэрсайхан: Саарал жагсаалттай холбоотой бодит байдал

ikon.mn
2019 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс саарал жагсаалтад орох уу?

Юуны өмнө Монгол Улс саарал жагсаалтад орох эсэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаад хувьдаа талархалтай байна. Учир нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, зэвсэглэлээр хөөцөлдөх асуудалтай тэмцэх нь зөвхөн санхүүгийн байгууллага, зах зээлийн хүрээний асуудал биш төр, хувийн хэвшил, иргэн бүртэй холбоотой асуудал юм.

Гэхдээ энэ нь тухайн нэг улс төрч, хувь хүн, байгууллагын олон нийтийн анхаарал татах хэрэгсэл бас биш юм. Үүнтэй холбоотой үндэслэл багатай мэдээллээр олон нийтийн анхаарлыг татах, буруутныг хайх, шууд нэрлэх байдлаар хандаж байгаад харамсалтай байна. Энэ нь чухам “ муу эр дайнд хөөрнө” гэдэгтэй агаар нэгэн юм. Иймээс өөрийн зүгээс тухайн асуудлаар байгаа мэдээллийн хүрээнд байр сууриа хүргэж байна.

ФАТФ гэж ямар байгууллага вэ? 

1989 онд үүсгэн байгуулагдсан энэ байгууллагын үндсэн зорилго нь ОУ-н түвшинд санхүүгийн системийн найдвартай байдлыг хангах зорилгоор мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх чиглэлд стандартыг гаргаж хууль, зохицуулах байгууллага, үйл ажиллагааны түвшинд хэрэгжүүлэхийг уриалдаг. Энэ байгууллага нь анх мөнгө угаах асуудлыг голчилж байсан бол 2001 оноос терроризмын санхүүжилт, 2012 оноос зэвсэглэлээр хөөцөлдөх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор өөрийн зөвлөмж, стандартуудыг тухай бүр өөрчилж ирсэн байна. 

Энэ байгууллагын зүгээс дээрх асуудлуудын хүрээнд хэрэгжүүлэх 40 зөвлөмж, түүний үр дүнг тодорхойлох 11 хэрэгжилтийн шалгуурыг хангахыг зөвлөдөг. Зөвлөмж нь бодлого, зохицуулалт, хяналт, хамтын ажиллагаа, ил тод байдал.  

Энэ хүрээнд хамтарсан үнэлгээний тайланг гаргадаг. Тайланг үндэслэн тодорхой асуудлын түвшингээс шалтгаалж эрчимтэй хяналт, саарал жагсаалт, хар жагсаалт гэсэн түвшингүүдэд асуудлыг авч үздэг. Товчоор хар жагсаалтад орно гэдэг нь мөнгө угаалт, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хамтран ажилладаггүй улс орон гэсэн тодотголтой болно гэсэн үг.

Монгол Улс ба ФАТФ

Монгол Улс нь тухайн байгууллагын Азийн бүсийн гишүүн, Евроазийн бүсийн ажиглагчийн статустуй улс. Энэ үүднээс бид тухайн байгууллагын зөвлөмж, стандартыг ханган ажиллах нь зүй юм. Өмнө саарал жагсаалтад орж байсан талаар эх сурвалжуудад дурдсан тул өнөөдөр бидэнд ямар асуудал тулгараад байгааг өөрийн зүгээс хариулахыг хичээе.

2017 онд Монгол Улсын талаар хамтарсан үнэлгээний тайлан гаргаж 40 зөвлөмжийн талыг бид биелүүлээгүй, хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс 2 оос бусад нь хамгийн бага үнэлгээ авсан байдаг. Ялангуяа дээр дурдсан мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх ажилд санхүүгийн бус хүрээний оролцоог хангах тал дээр бид нийцэлтгүй гэсэн хамгийн доод үзүүлэлтийг авсан байдаг.

Энэ хугацаанд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо холбогдох бусад байгууллагууд эрх зүйн орчны шинэчлэл хийх, хэрэгжилтийг хангах тал дээр тодорхой хүчин чармайлт гаргаж ажилласаныг дурдах хэрэгтэй. Ялангуяа эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд үндэсний хэмжээнд ажиллах орчин, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны хамрах хүрээ, оролцогч тал зэрэг өмнө дутагдалтай гэж үзсэн эрх зүйн нөхцөл байдлыг сайжруулж чадсан гэж хувьдаа үздэг. 

Үүний үр дүн ч чамлахааргүй юм. Бидний энэ 2 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг үнэлсэн хамтарсан үнэлгээний тайланг саяхан гаргасан бөгөөд үүнийг ФАТФ-н албан ёсны хуудас дээр мэдээлсэн. 2017 оны 9 сар болон 2019 оны 10 сарын хамтарсан үнэлгээний тайланд Монгол Улсыг хэрхэн үнэлсэн байдлыг харьцуулан харсанаар энэ хугацааны ахиц дэвшлийг харж болох юм.

 

Саяхан шинэчлэн гаргасан үнэлгээгээр Монгол Улсын хамгийн доогуур үнэлэгдсэн 5 үзүүлэлт, доогуур үнэлэгдсэн 8 үзүүлэлтийг тодорхой хэмжээнд сайжирсан хэмээн үзэж 1-2 шатаар ахиулсан байна. Үүнийг харуулбал:

 
Дүгнэлт

Энэхүү мэдээллээс харвал тухайн байгууллагын зүгээс сүүлийн хоёр жилд хийсэн ажлыг эерэгээр харж байгаа гэж үзэж болохоор байна. Тиймээс тухайн түвшинд саарал жагсаалтад оруулаагүй 2 жил харсаны эцэст энэ үр дүнгийн хариуд саарал жагсаалтад оруулахгүй байх магадлалтай гэж итгэх боломжтой байна. 

Бидний хувьд энэ асуудлыг дэвэргэж, улс төржүүлж, хэн нэгнийг буруутан болгохыг хичээхийн оронд хийсэн ажил, гарсан үр дүн, бодит нөхцөл байдлыг үнэнээр харж гарах шийдвэрийг хүлээх нь зүйтэй юм. 

Эцэст нь ямар ч шийдвэр гарсан тухайн байгууллагын зөвлөмж, түүний хамрах хүрээнээс харахад хэн нэгэн байгууллага, хувь хүний үйл ажиллагаанаас хамаарч саарал жагсаалтад орж байна гэж харах нь инээдтэй зүйл юм. Энэ нь цогц, улс орны бүхэлд нь хамарсан үйл ажиллагаа бөгөөд тухайн хариу гарсаны дараа л юунаас, яаж гэдгийг бодит мэдээлэлд үндэслэн шүүн тунгаах боломжтой болох юм. Үүнээс гадна саарал жагсаалтад орох нь бид бүгдэд сөрөг нөлөөлөх сөрөг зүйл мөн боловч зарим мэдээллийн эх сурвалжийн хэлж байгаа шиг шууд эдийн засгийн нөхцөл байдал дордох, бүх төлбөр тооцоо зогсох мэт сүржигнэх нь зохистой биш юм. Энэ нь биднийг дэлхийд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тал дээр хүчин чармайлт бага гаргаж байгааг, түүнээс нь болгоомжлох хэрэгтэй гэдгийг сануулах сануулга байдлаар хүлээн авах хэрэгтэй.

 

СЭЗИС-ийн багш, доктор Ж.Дэлгэрсайхан