Монгол Улс нь ФАТФ-ын саарал жагсаалтад орох асуудлаар тал бүрээс байр сууриа илэрхийлж байна. Яг яавал энэ жагсаалтад ордог талаар хүмүүс төдийлөн дэлгэрэнгүй ярихгүй байгаа. Тэгэхээр энэхүү процессын талаар ФАТФ-ын веб хуудас дээрх эх сурвалжийг үндэслэн тайлбарлая.
Юуны түрүүнд тодруулж хэлэхэд, ФАТФ байгууллагаас албан ёсоор саарал эсвэл хар гэсэн жагсаалтыг гаргадаггүй. Уг байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдал бүхий буюу өндөр эрсдэлтэй улсын жагсаалтыг зарладаг ба үүнийг энгийнээр “саарал жагсаалт” хэмээн нэрлэдэг. Харин ФАТФ-ын зөвлөмжийг огт дагадаггүй, хамтран ажилладаггүй улсуудын жагсаалтыг “хар жагсаалт” гэж ярьдаг.
ФАТФ-аас олон улсын санхүүгийн системд эрсдэл учруулж буй мөнгө угаахтай тэмцэх тал дээр хоцрогдолтой байгаа улс орнуудыг тогтмол тодорхойлж, хянаж байдаг. ФАТФ-ийн Олон улсын хамтын ажиллагааны бүлэг нь үүнийг гүйцэтгэх үүрэгтэй. Хяналтад оруулах эсвэл жагсаалтад оруулах процесс нь анх 2007 онд эхэлсэн бөгөөд 2009, 2015 онуудад сайжруулан өөрчилсөн байна.
ФАТФ нь тухайн улсаас үүдэлтэй аюул занал, эмзэг байдал, эсвэл харьяаллын хүрээнд үүсэх тодорхой эрсдлийг үндэслэж хяналтдаа оруулдаг. Тухайлбал, аливаа улсыг хяналтдаа авч, хар эсвэл саарал жагсаалтад оруулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзаж үздэг. Үүнд:
Улс орнууд нь Олон улсын хамтын ажиллагааны бүлгийн хяналт буюу хар, саарал жагсаалтад орохдоо мөн тодорхой шатыг дамждаг. Ингэхдээ харилцан үнэлгээний үр дүнг үндэслэн 1 жилийн хугацаатай ажиглалтад орох ба ФАТФ болон түүнтэй төстэй бүсийн байгууллагын шаардлага, зөвлөмжийг биелүүлж, үүсээд байгаа учир дутагдлыг арилгах тал дээр ажиллаж байгаа эсэхийг албан ёсоор шалгадаг.
ФАТФ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдлыг үргэлжлүүлэн үнэлэхдээ мөн л техникийн 40 зөвлөмж болон шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлт дээр гарсан ахицыг харгалздаг. Хэрэв ФАТФ нь стратегийн дутагдлыг арилгахад хангалттай ахиц гараагүй байна гэж үзвэл үүсээд байгаа дутагдлыг арилгах үйл ажиллагааны төлөвлөгөө (action plan)-ыг тухайн улстай хамтран боловсруулна.
Олон улсын хамтын ажиллагааны бүлэгт хамрагдаж, жагсаалтад орсон бүх орнуудын хувьд үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж хууль, журам, үйл ажиллагааны шинэчлэлийг хийх болно гэсэн улс төрийн дээд түвшний амлалт, хүчин чармайлтыг ФАТФ-ын зүгээс шаарддаг.
ФАТФ нь жил бүр гурван удаа 2, 6, 10 саруудад хуралддаг ба хурал бүрийн эцэст хоёр тусдаа хэвлэлийн мэдэгдэл гаргана. Эдгээр мэдэгдлүүд нь улс орнуудын үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хийгдсэн ажлын товч хураангуй ба шийдвэрлэх шаардлагатай стратегийн дутагдлуудын жагсаалтыг гаргаж, мэдээлдэг. Эдгээр мэдэгдлүүд нь хяналтад байгаа улсуудын дутагдлыг тухайн үед үүссэн эрсдэлийн түвшинтэй дүйцүүлэн тодорхойлдог.
ФАТФ-ын мэдэгдэлд хяналтад оруулсан улсуудыг хоёр хуваадаг.
Аливаа улс нь ФАТФ-ын хяналт буюу жагсаалтад орсонтой адил мөн гарах боломжтой ба ингэхдээ үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасан заалт болгонд ихээхэн ахиц гаргасан байх ёстой.
Хэрэв ФАТФ-ын зүгээс энэ нь хангагдсан гэж үзвэл газар дээрх үнэлгээг зохион байгуулж, төлөөлөгчийг томилон тухайн улсад хууль, журам, үйл ажиллагааны шинэчлэл хийгдэж буйг мөн хэрэгжилтийг хангахад шаардлагатай улс төрийн хүчин чармайлт, институцийн чадавхи байгаа эсэхийг баталгаажуулна.
Газар дээрх үнэлгээний үр дүн эерэг бол ФАТФ нь дараагийнхаа хурлаар тухайн улсыг авч хэлэлцэж, олон нийтийн мэдэгдлээс нэрийг нь хасна. Улмаар тухайн улс нь ФАТФ эсвэл түүнтэй төстэй холбогдох бүс нутгийн байгууллагын хүрээнд, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо сайжруулан, үйл ажиллагаагаа урьдын адилаар хэвийн тайлагнаж байх болно.
Н.Батжин