Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

#НүүдэлШийдэл: Хүүхэд хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыг чангалах ёстой юу?

Ч.Болортуяа
2019 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд хүчиндэх гэмт хэрэг 444 бүртгэгдсэнээс, 218 хүүхэд хохирч, энэ гэмт хэргийн тоо өмнөх оноосоо 26.7 хувиар өсжээ. 

Нийслэлийн хэмжээнд авч үзвэл хүчиндэх гэмт хэрэг 221 бүртгэгдсэн бол эдгээрийн 93-т нь хүүхэд хүчирхийллийн хохирогч болсон нь  2018 онтой харьцуулахад 15 хэргээр буюу 19.2 хувиар өссөн үзүүлэлт юм.

Улсын Ерөнхий Прокурорын Газрын сургалт, судалгааны төвийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлах хүрээлэнгээс 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судалсан суурь судалгаагаар 2012-2016 онд 1,088 хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болсныг дурджээ.

Хохирогчдын хүчирхийлэлд өртсөн давтамжийг 250 тохиолдлоос судлахад 146 тохиолдол нь 1-3 өдөр, 28 тохиолдол 1-9 сар, 45 тохиолдол нь 1-9 жилийн хугацаанд 2-4 удаа хүчирхийлүүлж, хохирогчийг өөрийн эрхшээлд байлгасан ураг төрөл, гэр бүлийн хүмүүс нь хохирогчдыг удаан хугацаанд хүчирхийлдэг байсан гэдгийн нэг илрэл юм.

Үүнтэй холбоотойгоор Монгол ТВ телевизийн "Нүүдэл Шийдэл" нэвтрүүлгийн энэ Даваа гарагийн хэлэлцүүлгээр "Хүүхэд хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыг чангалах ёстой юу?" сэдвээр ярилцлаа.

Хэлэлцүүлэгт уригдан ирсэн дөрвөн зочны ярилцлагаас онцлох эшлэлийг нь та бүхэндээ хүргэж байна.  

Хүчирхийлэл үйлдэгчдэд оноох ялын бодлогыг чангаруулах хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтарч өргөн барих боломжтой
 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

  1. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1-т хүчиндэх гэмт хэргийг дор дурдсан байдлаар ангилж ялын бодлого үйлчилж байгаа. 18 нас хүрээгүй хүнийг хүчиндсэн бол 2-8 жил, 16 нас хүрээгүй хүнийг хүчиндсэн бол 5-12 жил, 14 нас хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол 12-20 жил эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгэх зохицуулалт байгаа.
     
  2. Өмнө нь Эрүүгийн хуульд Хүчингийн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн нь “цаазаар авах” ялаар шийтгэх заалттай байсан. Монгол улс 2012 онд НҮБ-ын Иргэний болон Улс төрийн эрхийн тухай фактын 2-р нэмэлт протоколд элсэж орсноор Монгол улс дараагийн шинээр батлагдан гарах Эрүүгийн хуулиасаа цаазаар авах ялыг халах үүрэг хүлээсэн.
     
  3. Энэ протоколд дэлхийн 54 улс нэгдэн орсон. Эдгээр 54 улс бүгд манай улсыг уг протоколоос гарахыг зөвшөөрсөн тохиолдолд манай улс цаазаар авах ялыг сэргээх боломжтой.
     
  4. Засгийн газраас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл саяхан өргөн барьсан. Уг төсөлд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт болон Зөрчлийн тухай хуулиар Эрүүгийн гэмт хэрэг болгон тооцох хэд хэдэн гэмт хэргүүдийг шинээр зүйлчлэх, бусад дагалдах хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан.
     
  5. Хүчингийн гэмт хэрэг, хүчиндэх гэмт хэрэг болон бусад бэлгийн эрх, эрх чөлөөний гэмт хэрэг, хүчирхийллийн эсрэг хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагатай холбоотой зохицуулалтыг Засгийн газарт өргөн бариагүй байгаа.
     
  6. Цаашид хүчирхийлэл үйлдэгчдэд оноох ялын бодлогыг чангаруулсан ялын бодлогыг УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтарч өргөн барих боломжтой.
     
  7. Хүчиндэх гэмт хэргийн ял шийтгэлийн бодлогыг тодорхой түвшинд чангатгах ёстой.
     
  8. Сүүлийн 60 жил манай улсын эрүүгийн эрх зүйн бодлогыг үзвэл, 1960, 1987 оны Эрүүгийн хууль, 1994 оны нэмэлт, өөрчлөлт, 2002 оны Эрүүгийн хуулиудын харьцуулалтыг үзэхэд 14 хүртэлх насны хүүхдийг бага насны хүүхэд гэж үзнэ. Бага насны хүүхэд хүчиндсэн бол цаазаар авах хүртэл ял шийтгэнэ. Насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол арай өөр ялын бодлоготой байсан.
     
  9. Хүн хүчиндэж байгаа ухамсаргүй хүмүүсийг бага наснаас нь хүмүүжилд нь анхаарах, боловсролын тогтолцоонд бодлогын өөрчлөлт оруулах ёстой. 
     
  10. Бид нар бичмэл хууль маш ихээр үйлдвэрлэж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдаж байгаа ч тухайн хуулийг хэрэгжүүлэх төсөвтэй цуг батлагдах ёстой. Цаашид хууль батлахдаа хуулийг хэрэгжүүлэх төсвийг хамт батлах хэрэгтэй.
     
  11. Батлагдсан хууль тогтоомжийг нийтэд таниулах ажлыг сүүлийн 20 жил хийсэнгүй.
     
  12. Хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлээд бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг тодорхой төрлийн гэмт хэргүүдэд анхаарлаа хандуулж нэмэлт өөрчлөлт оруулъя, шийтгэлийн бодлогыг өөрчлөх асуудалд манлайлал гаргаж явна гэдгээ хэлье.
Хаалганы цаана далд үйлдэгдэж байсан гэмт хэргийн илрүүлэлт сайжирч байна
 

Гэр Бүл, Хүүхэд, Залуусын Хөгжлийн Газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар

  1. Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж байгаа дуудлага, мэдээлэлд анализ хийхэд хүүхэд хүчирхийлүүлж байгаа тохиолдолд дуудлага мэдээллийг өгч байгаа хөндлөнгийн этгээдийн мэдээллийг харахад 2016 онд 29 хувь, 2017 онд 46 хувь, 2018 онд 56 хувь болж өссөн.

  2. Хаалганы цаана далд үйлдэгдэж байсан гэмт хэргийн илрүүлэлт сайжирч байна.

  3. Зөрчлийн тухай хуулийн дагуу энэ төрлийн гэмт хэргийг иргэн бүхэн мэдээлэх үүрэг хүлээсэн. Мэдсээр байж мэдээлээгүй бол 200,000 төгрөгөөр торгуулах заалт байна.

  4. Улс даяар 4,634 гишүүн бүхий 609 хамтарсан баг засаг захиргааны нэгж бүр дээр ажиллаж байна.

  5. Хүүхэд хүчиндэж байгаа хүмүүсийн 70 гаруй хувь нь хүүхэд байх цагаасаа өөрөө хүчирхийлэл дунд өссөн хүмүүс байгаад байна.

  6. Хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон хүн насан туршийн хохирогч байдаг.

  7. Хүчирхийлэлтэй холбоотой төрийн хийх ёстой ажлыг цөөхөн хэдэн төрийн бус байгууллага хийгээд явж байна.

  8. Боловсролын системээр дамжуулж хүүхдийн нас биед нь тохирсон мэдлэг боловсролыг олгох хэрэгтэй.

Хүчиндүүлсэн хүүхэд насан туршийн хохирогч болж байхад, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн этгээд 5-8 жил, зарим үед 1-2 жилийн ял аваад буцаад суллагдаад гараад ирдэг 
 

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл

  1. Хүчирхийлэлд бага насны хүүхдүүд өртөж байгаа нь аюул болж байна.

  2. Хүчирхийлэл гэхээр бид охидын асуудлыг илүү ярьж байгаа боловч хөвгүүдтэй ч холбоотой олон асуудал байгаа. Хүчиндүүлсэн хүүхдүүдийн 95.4 хувь нь охид байгаа бол 4.6 хувь нь хөвгүүд байна.

  3. Хүчиндэх гэмт хэрэгтэй холбоотой бүх төрлийн хэрэгт оноодог ялын доод хэмжээг өсгөх саналыг бид тавьж байгаа.

  4. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос Эрүүгийн хуульд 4-5 санал гаргаж байгаа. 1-рт хохирогчийг насаар ангилмааргүй байна. Насанд хүрсэн болон хүрээгүй гэж хоёр л ангиллаар явмаар байна.

  5. Хүчингийн хэрэг үйлдэгчдийн насны хувьд хамгийн дээд тал нь 35-40 насны хүмүүс байна.

  6. Хүчиндүүлсэн хүүхэд насан туршийн хохирогч болж байхад, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн этгээд 5-8 жил, зарим үед 1-2 жилийн ял аваад буцаад суллагдаад гараад ирдэг.

  7. Хүчирхийлэл үйлдэгчдийн 85 хувь нь ойр дотны хүмүүс нь байна.

  8. Бага насны хүүхэд хүчиндчихээд 20 жилийн ял авсан нэг ч тохиолдол байхгүй.

  9. Ялын бодлогыг яах аргагүй чангаруулах зайлшгүй шаардлагатай.

  10. Хүчирхийлэлтэй тэмцэх гэж байгаа бол нэг талаасаа ялын бодлого, нөгөө талаасаа маш өргөн цар хүрээтэй хараад хаана юу байгаа гарц болгоныг шийдэж байж хүчирхийлэлтэй тэмцэнэ.

  11. Дан ганц бодлого яриад хүчирхийлэлтэй тэмцэхгүй.

  12. Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэгтнийг биеэр нь ялыг эдлүүлж өршөөлийн хуульд хамруулдаггүй баймаар байна.

"Маш олон асуудлыг шилэн барилга дотор яриад л байдаг. Хоёр уул даваад очиход нөхцөл байдал шал өөр байгаа шүү" 
 

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан

  1. Монгол улсын хэмжээнд хүүхэд хамгаалах хоёр байр ажиллаж байгаа. Нэг нь 108 утасны хамгаалах байр, нөгөө нь Ид шидийн орны хамгаалах байр.

  2. Ид шидийн орны хамгаалах байрны хувьд 2018 онд 53 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн. Харин 2019 оны өнөөдрийг хүртэлх хугацаанд 88 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн.

  3. Долоон дүүрэг, хоёр аймгаас хүүхдүүд манай хамгаалах байранд ирсэн.

  4. Ид шидийн орны хамгаалах байраар үйлчлүүлсэн хүүхдүүдийн насны хувьд хамгийн бага нь нэг ой долоон сартай, хамгийн том нь 17 настай хүүхэд байсан.

  5. Хамгаалах байраар үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн хувьд үл хайхрах хүчирхийлэл, биед нь гэмтэл учруулсан, бэлгийн хүчирхийлэлд өртсөн бүх төрлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд манайд ирдэг.

  6. Нэг жишээ л аваад үзэхэд, хүчирхийлэлд өртсөн 16 настай хүүхэд 7 сартай жирэмсэн,  3 настай  хүүхэдтэйгээ манайд ирсэн.  Өөрөөр хэлбэл гурван хүүхдийн асуудал энд яригдаж байх жишээтэй.

  7. Эрэгтэй хүүхэд олон жилийн турш төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн тохиолдол бас байна.

  8. Маш олон асуудлыг шилэн барилга дотор яриад байна. Хоёр уул даваад очиход нөхцөл байдал өөр байгаа шүү дээ.

  9. Ид шидийн орон  байгуулагдаад хоёр жил үйл ажиллагаагаа явуулж байхад Баянзүрх дүүргийн тухайн хоёр хорооноос сонгогдсон гишүүд нэг ч удаа ирээгүй. Бид тэднээс мөнгө гуйгаагүй.

  10. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдлаа гээд гэр бүлийн хүчирхийлэл багассан юм уу. Хуулиа сурталчлах, соён гэгээрүүлэх, таниулах ажлаа алийг нь ч хийгээгүй.

  11. Хууль батлаад л, сонгууль болоод, нам нь солигдоод залгамж бодлого халаагүй яваад өгдөг. Энэ бол манай улс хүүхэд хамгааллын бодлого дээр хамгийн их золиос болж буй жишээ нь.

  12. Бэлгийн хүчирхийлэл үйлдэгчид оноосон ялын бодлогын доод босгыг чангаруулах нь зөв. Гэхдээ энэ ганцаараа шийдэл биш.

  13. Энд тэнд жижиг, жижиг ажил хийгээд байлгүй төр хувийн хэвшил хамтраад хоёр жилийн турш бүгд нийлж аян хийгээд үр дүн гартал яагаад явж болохгүй гэж.

  14. Өнөөдөр бид аливаа асуудал гараад асуудлын гал намжсаны дараа хамгаалах байр, ялын бодлого, төсөв ярихаасаа илүү урьдчилан сэргийлэх ажилд бүх хүчээ хаяж нийлж асуудлыг шийдэх хэрэгтэй.



"Нүүдэл шийдэл" нэвтрүүлгийн давталтын дугаарыг та бүхэн Ням гарагийн 17:20 цагаас Монгол ТВ телевизээр үзэх боломжтой.

Онлайнаар https://www.ori.mn/ сайтаас нөхөж үзэж болно.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.