Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхийн ачааллыг бууруулахад Арбитр тусална

ikon.mn
2019 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Арбитр хэмээх нэршил Монголчуудад танил болсны 90 жил, МҮХАҮТ-ын дэргэд Монголын олон улсын арбитр үүссэний 60 жилийн ой өнөөдөр тохиолоо. МҮХАҮТ-ын дэргэдэх Олон улсын Арбитр нь анх 1960 оны долдугаар сарын 2-ны өдөр Гадаад худалдааны арбитр нэртэйгээр байгуулагдсан бөгөөд Монгол Улсын байнгын арбитрын үйл ажиллагааг тогтмол эрхлэн явуулж байгаа байгууллага юм.

Энэ жилийн арбитрчдын өдрөөр төрийн болон хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан Арбитрын ажиллагаан дахь шүүхийн оролцоо, тулгамдаж байгаа зарим асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Монголын Олон Улсын Арбитр нь 2017 онд батлагдсан Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн Хэрэг хянан шийдвэрлэх дүрмээ боловсруулан гаргажээ. Манай улсын арбитрын байгууллагын бүрэлдэхүүнд 77 арбитрч ажиллаж хэрэг маргаан шийдвэрлэж байгаагаас 29 арбитрч нь гадаад /БНХАУ, ОХУ, Япон, Хонг Конг, Польш, ХБНГУ, Сингапур, Австрали, АНУ, Англи гэх мэт/-ын арбитрчид байдаг аж. 

 

Энэхүү хууль дүрэм  хэрэгжиж эхэлснээс хойш 230 гаруй хэргийг арбитраар шийдвэрлэсэн байна. Монголын Олон улсын арбитрчдын 90 жилийн ойн хэлэлцүүлгийн үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшингээс цөөн асуултад хариулт авлаа. 

Арбитрын шүүхийн орчныг шинэчлэх шаардлагатай

 

-Өнөөдөр арбитрчдын өдөр тохиож байна. Тэр бүр иргэдийн мэддэггүй монголын арбитрын орчин өнөөдөр ямар байна вэ?

-Одоогоос 90-ээд жилийн тэртээ 1929 оны нэгдүгээр сард Монгол Улсад анх Арбитрын шүүхийг үүсгэн байгуулсан байдаг. Бид 90 жилийн ойгоо угтаад өнөөдөр монголын арбитрын орчныг шинэчлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Бид Арбитрын шинэчлэлийг зайлшгүй хийх ёстой. Дотоодын арбитрчдаа мэргэшүүлэх, чадавхжуулах, гадны арбитрчдаас сургалт авах, үйл ажиллагааг илүү өргөжүүлэх шаардлага тулгарчээ.

-Арбитрын үйл ажиллагааг өргөжүүлэн сайжруулснаар иргэн, хуулийн этгээдэд ямар эерэг орчин бий болох вэ?

-Монголын бизнесийн болон хөрөнгө оруулалтын орчин сайжирна. Монголын хөрөнгө оруулагчдыг хамгаалах эрх зүйн орчин бий болно. Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ. Манай улс шүүхийн шийдвэртэй холбоотой болон хууль эрх зүйн орчны хэрэг маргаан шийдвэрлэлтээрээ 110 улсаас хойш эрэмбэлэгдэж байгаа үзүүлэлт гарсаар байна. Үүнийг бид урагшлуулах ёстой. Ингэхийн тулд арбитрын үйлчилгээг олон нийтэд түгээх, ойлгуулах, таниулах ажил хийх хэрэгтэй байна.

Бид энэ байраа урагшлуулахгүйгээр монголын бизнесийн орчинг гадныхан сонирхохгүй. Дэлхийн бусад орны жишгээр арбитрын шинэчлэлийг хийх ёстой. Арбитрын хэрэг шийдэх, хэрэг бүртгэх явцаа орчин үеийн хэлбэрт оруулах, арбитрын шүүхээр үлгэр жишээ болохуйц Сингапур, Казахстан, Хонгконгийн арбитруудтай хамтын ажиллагааг эхлүүлэх, Олон улсын арбитрын холбоонд элсэн зэрэг гадаад харилцааны ажлыг хийх шаардлагатай. 

-Манай улсад бизнес эрхлэхэд шүүхийн шатны итгэлгүй байдал, хүнд суртал, авлига, эрх ашгийн зөрчил гэх мэт ёс суртахуунгүй үйлдэл хөрөнгө оруулагчдыг үргээхэд их нөлөөлсөн байдаг. Арбитрын шүүхийг хөгжүүлж чадвал энэ бүхэн арилах уу?

 

-Эхлээд бид бизнес хийж байгаа болон энэ орчны хэнд ч арбитрын шүүхийн онцлог, давуу талыг сурталчилан таниулах ёстой юм. Тэгэхгүйгээр шүүхийн ачаалал буурахгүйгээс гадна арбитрын сайн талыг иргэд мэдэхгүй өнгөрч байна. Энэ ажлыг хийхийн тулд бид хуулийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн хичээлийн программд арбитрын тухай хууль болон бусад үйл ажиллагааг таниулсан хичээлийн хөтөлбөр оруулах ёстой гэсэн саналтай байгаа.

Мөн Хуульч, Өмгөөлөгч, Нотариатчдын холбоодтой хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Мөн гэрээ хэлцлийг хялбаршуулахын тулд цахим орчныг илүү таатай байдлаар ашиглах ёстой. Ингээд эцэст нь арбитрчдаа чадавхжуулах ёстой юм байна. 

-Энэ шинэчлэлийн үйл ажиллагааг эхлүүлэхэд хэр хугацаа шаардлагатай вэ. Жилд хэчнээн хэрэг маргааныг арбитрын шүүхээр шийдэж байна вэ?

-1-2 жилийн хугацаанд хийх боломжтой. Шат дараатай ажлыг хийснээр Арбитрын шүүхийн орчныг шинэ шатанд гаргах бүрэн боломжтой. Өнөөдөр монголд шийдэгдэж байгаа бизнестэй холбоотой нийт хэрэг маргааны 0.2 хувь нь арбитраар шийдэгдэж байна. Үүнийг гадны ижил төвшний үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, мэргэжилтнүүдийн нүдээр харвал хүнд орчин юм. Бид үүнийг засч сайжруулж, шинэчлэгдэх зайлшгүй шаардлагатай. Олон залуу боловсон хүчин гадаадад мэргэшээд ирж байна. Энэ хүчийг бид ашиглах ёстой. Хамтдаа нийлээд асуудлаа шийдье гэсэн уриаг 90 жилийнхээ хүрээнд дэвшүүлж байна. 

-Монголд арбитрын үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтний тоо хэд байдаг юм бэ?

-Нийт бүртгэлтэй 77 арбитрч байна. Үүнээс 50 нь монголынх, үлдсэн 25 нь гадны мэргэжилтнүүд. Ер нь аливаа хэрэг маргааныг шүүхийн шугамаар шийдэх нь зохистой биш байдаг. Арбитрын шүүхийг сонгосноор цаг хугацааг хэмнэхээс гадна элдэв чирэгдэлгүй. Мөн тухайн бизнесийн нарийн тохиолдлыг зөв үнэлж дүгнэхгүй шүүхийн шийдвэр гарах тохиолдол бий. Арбитраар хэрэг маргаанаа шийдүүлснээр энэ бүхнийг туулахгүйгээс гадна тухайн хэрэг маргаанаар мэргэшсэн арбитрчыг өөрөө сонгож үйлчлүүлдэг учраас маргаан шийдүүлж байгаа хоёр тал сэтгэл хангалуун үлддэг. Тэгэхээр шүүхийн үйл ажиллагааны ачааллыг бууруулахад арбитрын шүүх тусална.