Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн тэтгэмжийг төр төлөөд эцэг, эхээс нь дараа нь гаргуулахаар Гэр бүлийн тухай хуульд тусгажээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уг хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос боловсруулан УИХ-д энэ оны дөрөвдүгээр сард өргөн барьжээ. 

Монгол Улсын гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш нийт зургаан удаа өөрчлөлт оруулсан байна. Уг хууль батлагдсанаас хойш их хугацаанд гэр бүл, нийгмийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарч, гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрах, гадаадын иргэнтэй гэр бүл болох зэргээр энэ асуудалд өөрөөр чөлөөтэй хандах болсны зэрэгцээ гэр бүл цуцлалт, хүүхдийн эрхийг зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг асуудлууд байсаар байгаа билээ. 

Тиймээс сүүлийн жилүүдэд хийгдсэн хууль эрх зүйн шинэчлэл, гэр бүл, нийгмийн амьдралд гарсан өөрчлөлт, хандлагад нийцүүлэн Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх шаардлага бий болжээ. 

Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэгээс тодрууллаа. 

 

-Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулж өргөн барьсан юм байна. Шинэчилсэн найруулгад ямар өөрчлөлтүүд тусгасан бэ

-Энэ хуулийн төсөл нь өмнөх хуулиас 80 орчим хувийн шинэчлэл хийсэн. Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгын концепцын тухайд гэр бүлийн хөгжлийн илүү дэмжье гэж байгаа юм. Мөн гэр бүлийн чиглэлээр төрийн үйлчилгээ үзүүлдэг тогтолцоог тодорхой болгохын зэрэгцээ өмнө нь журмаар шийдэгддэг байсан хүүхэд үрчлэлийн асуудлыг хуульчилж байгаагаараа онцлог юм. 

-Хуулийн төсөлд эцэг эхийн үүргийг илүү өндөрсгөх асуудлын тусгасан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу? 

-Гэр бүл салалтаас хамгийн их хохирдог нь хүүхэд байдаг. Тиймээс гэр бүл салалтыг аль болох бууруулах, хүүхдийг хохироохгүй байх асуудлыг хөндсөн. Тиймээс гэр бүл салсан тохиолдолд хүүхэд өмч хөрөнгө эзэмших, улсаас өгдөг тэтгэмжийг тухайн хүүхдийн нэр дээр хадгалах, захиран зарцуулах гэх мэт асуудлыг тусгасан. 

Мөн асралт-гэр бүл гэдэг асуудлыг хуульд шинээр оруулсан. Өнчин, хараа хяналтгүй хүүхдийг сайн дураараа гэр бүлдээ авч асран, халамжлах үйлчилгээг төрөөс бодлогын хувьд дэмжих, тэтгэмж олгох зэрэг асуудалд дээр тодорхой зохицуулалт оруулсан. 

-Эцэг эхийн үүргийн нэмэгдүүлж, хуульчлахаасаа илүүтэй хариуцлагын асуудлыг тодорхой болгох шаардлагатай байх. Энэ талаар ямар зохицуулалт хийсэн бэ? 

-Энэ хуулийг дагаад олон хууль хөндөгдөнө. Эрүү, Зөрчлийн хуулиуд дээр хариуцлагын заалт орох байх. Бид гэр бүл салсны дараах эцэг эхчүүдийн хариуцлагыг тодорхой болгож өгч байгаа.

Тухайлбал, олон ээжүүд хүүхдийн тэтгэмжийн мөнгийг ааваас нь авч чаддаггүй. Хуулийн төсөлд хүүхдийн тусгай сантай болох асуудлыг тусгасан. Одоо бол дийлэнх аав нар хүүхэддээ тэтгэмжийг нь тухай бүрт нь өгдөггүй. Тиймээс төрөөс тухайн хүүхдүүдэд тэтгэмжийг нь өгөөд, дараа нь ааваас нь тэтгэлэгийг нь аваад хүүхдийн тусгай сандаа төвлөрүүлнэ гэдэг байдлаар хуулийн төсөлд тусгасан. 

-Аавынх нь өмнөөс төр тухайн хүүхдэд тэтгэмжийн мөнгө төлөх хэрэг үү?

-Эхлээд төр тэтгэмжийг нь төлөөд буцаагаад ааваас нь авна гэсэн үг. 

-Тэтгэмжээ тухай бүрт нь төлдөггүй аав нар олон бий. Тэр хүмүүсээс яаж тэтгэмжийн мөнгийг гаргуулж авах вэ? 

-Нэгэнт гэр бүл зохиогоод , хүүхдийн эцэг болсон учраас тэр хүн хариуцлагатай байх ёстой. Тэгэхээр тэтгэмж гаргуулж авахын тулд цаад арга хэмжээнүүдийг нь авах хэрэгтэй болно л доо. Ажилд зуучилж өгөх зэргээр тухайн хүнийг ажилтай, орлоготой байх тал дээр анхаарна. Ерөнхийдөө тэтгэмж төлдөггүй хүмүүст холбогдох хариуцлагыг чангатгана. Үүнийг дагалдах хуулиудаар зохицуулна.