Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Нэргүй: Өчигдөр нас барсан эмэгтэй угаарын хийнээс болсон гэдэг нь тогтоогдоогүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Дуудлагын тоо болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо буурсан

 
Гэрэл зургийг Mpa.mn

НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй "Нийслэлийн хэмжээнд өчигдөр угаарын хийд хордсон гэх долоон дуудлага бүртгэгдэж, 13 иргэн эмнэлэгт хандсан бөгөөд өнөөдрийн 06:00 цагийн байдлаар эмнэлэгт дөрвөн том хүн хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Түүнчлэн амралтын өдрүүдэд дуудлага ихсэх хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар дуудлагын тоо болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо буурсан. 

Энэ сарын 3-15-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын 145 удаагийн дуудлагаар нийт 306 иргэн эмнэлэгт ханджээ. Үүнээс насанд хүрсэн 25, долоон хүүхэд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 274 иргэнд яаралтай тусламжийн үйлчилгээ зөвлөгөөг өгч ажилласан.

Өнгөрсөн долоо хоногт сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ болон пийшин зуухны галлагааны аюулгүй байдлын талаар зөвлөмж сэрэмжлүүлгийг төвийн зургаан дүүргийн 220 мянган өрхийн 95.4 хувьд хүргэж ажилласан. Үлдсэн айлуудын хаяг дээрээ байхгүй нүүсэн, эзэнгүй шалтгаантай байна.

Өчигдөр нэг эмэгтэй нас барсан гэх мэдээллийн хувьд, тухайн эмэгтэй яг угаарын хийнээс болж нас барсан гэдэг нь тогтоогдоогүй бөгөөд хамт байсан 60 орчим настай аав, ээжийнх нь биеийн байдал хэвийн байсан" гэлээ.

ОБЕГ-аас энэ шинжилгээнүүдийн дүнг баталгаажуулах үүднээс гаднын хэд хэдэн оронд дахин шинжлүүлэхээр явуулсан

 
Гэрэл зургийг Mpa.mn

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Мэргэжлийн хяналтын байгууллагаас Гаалийн төв лаборатори, НМХГ-ын газрын дэргэдэх Хүсний аюулгүй байдлын лабораторийн цацрагийн хяналтын лаборатори, Геологийн төв лаборатори, Ашигт малтмалын төв лаборатори болон Хийн технологийн лаборатори гэсэн таван газраар шинжлүүлсэн.

Эдгээр лабораторийн шинжилгээний хариугаар сайжруулсан шахмал түлш аюулгүй гэсэн ижил хариу гарсан. Лабораторийн шинжилгээний дүнг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Харин ОБЕГ-аас энэ шинжилгээнүүдийн дүнг баталгаажуулах үүднээс гаднын хэд хэдэн оронд дахин шинжлүүлэхээр явуулсан байгаа.

Энэ нь Мэргэжлийн хяналтын байгууллага авсан шинжилгээндээ үл итгэж гадагшаа явуулсан гэсэн үг биш бөгөөд ОБЕГ-аас тухайн шинжилгээний хариуг дахин баталгаажуулах үүднээс ийм арга хэмжээ авсан юм.

Одоогоор хариу ирээгүй байна.

Мөн түлшний утаа гадаад орчинд гарахад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөхгүй. Угаарын хийд хордож байгаа тохиолдол буруу галлагаанаас болсон байна.

Тухайлбал, ханан пийшинд ан цав гарсан, яндангийн хаалтыг хагас нээсэн, яндангийн өндөр нь байшингын өндрөөс намхан учраас утаа буцаж орсон, мөн шахмал түлшийг их хэмжээгээр хийж галласан, зуухны үнс нь их хэмжээтэй байсан гэх мэт зөрчлүүд илэрч байна.

Мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөгөөр иргэд шахмал түлшээ зуухныхаа 65 хувиас хэтрүүлэн дүүргэхгүй галлах хэрэгтэй гэж байсан.

Түүнчлэн Эрүүл мэндийн тухай хуульд иргэд өөрсдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гэж заасан байдаг. Угаарын хийнд хордсон тохиолдлуудад түлшнээс болсон асуудал алга. Иймд иргэд галлагаа дээрээ анхаарах хэрэгтэй.

Мөн сайжруулсан түлшний хангамж, үйлдвэрлэлийн ажиллагаа дээр мэргэжлийн хяналтын байгууллага 24 цагаар хяналт тавин ажиллаж байгаа. Хангамж дутагдалтай байна гэсэн мэдээлэл ирээгүй” гэлээ.

Угаарын хийн хордлого нь хөнгөн болон хүнд хэлбэрээр явагддаг

 
Гэрэл зургийг Mpa.mn

НЭМГ-ын мэргэжилтэн Ш.Тэгшбаяр “Угаарын хийн хордлого нь хөнгөн болон хүнд хэлбэрээр явагддаг. Хөнгөн хэлбэрийн хордлогын шинж бөөлжих, дотор муухайрах, толгой эргэх, чих шуугих зовиур илэрдэг бол хүнд хэлбэрт нь унтах, таталт өгөх, өтгөн шингэн мэдээгүй гарах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.

Бид угаарын хийн хордлогын үед анхны тусламжийг үзүүлэх талаар бүх өрхийн эрүүл мэндийн төвүүд болон хороодуудаар иргэдэд сурталчилж байна. 

Хордлогын төвд тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн төлбөрийн асуудлын тухайд бидэнд тодорхой мэдээлэл байхгүй учраас дараагийн хурал дээр тодорхой мэдээлнэ” гэв.

Pm2.5 14 хувиар буурсан байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Агаарын бохирдлын газрын "Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол” хариуцсан мэргэжилтэн Г.Даваажаргал “ЦУОШГ-ын мэдээллээр 2019 оны аравдугаар сарын 7-13-ны өдрүүдийн агаарын чанарын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хүхэрлэг хий 12 хувиар өссөн, азот өсөөгүй, Pm10 тооцонцор өсөөгүй,  Pm2.5 14 хувиар буурсан байна.

Мөн нүүрстөрөгчийн дутуу исэл буюу угаарын хий өссөн үзүүлэлт байхгүй. Азоны хувьд өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд байна.

Эдгээр өдрүүдэд агаарын дундаж темпаратур өнгөрсөн оны энэ үед +2.3 градус дулаан байсан бол энэ онд  -0.3 градус байсан" гэлээ.