Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Японы поп одын улайрсан фэн нүдэнд нь ойсон дүрсийг ашиглан халджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Японд залуу поп од бүсгүйчүүд галзуу фэнүүдийнхээ халдлага дайралтад өртөх явдал түгээмэл байдаг.

Хамгийн сүүлд 26 настай фэн залуу өөрийн шүтдэг дуучин бүсгүйн гэрийг олж очоод хүчирхийлэхийг завдсан хэрэг есдүгээр сард гарсан юм. Халдлага үйлдэгч этгээд дуучны гэрийг олохдоо сэлфи зурагнаас нь нүдэнд ойсон дүрсийг авч судалсан тухайгаа цагдаад мэдүүлжээ.

Тэрээр 21 настай дуучин бүсгүйн нүдэнд ойсон метроны өртөөний дүрсийг Google Street View сүлжээнээс хайж олоод мөрдөж эхэлсэн байна. Мөн дуучны гэртээ хийсэн дүрс бичлэгнээс нь цонхны байрлал, нарны гэрлийн тусгал зэргийг тооцоолж, яг хэдэн давхрын, хэдэн тоотод амьдардгийг нь олж тогтоосноо хүлээсэн тухай Японы хэвлэлүүд мэдээлжээ.

Сүүлийн үеийн гар утаснуудын камерны чадал нэмэгдсэнээр хувийн мэдээллээ ийм аргаар алдах боломж нэмэгдсэнийг Токиогийн метрополитан их сургуулийн профессор, сошиал сүлжээний сөрөг нөлөөг судлаач Шүйчиро Хоши анхааруулсан байна.

Японд галзуу фэнүүдийн үйлдсэн сүүлийн үеийн хэргүүдээс дурдвал:

  • 2016 онд дуучин Маюу Томита тоглолтоо үзүүлэхээр тайзны ард хүлээх зуур нэгэн фэндээ хэд хэдэн удаа хутгалуулж, хүнд шархдаж байв.
  • Поп од Махо Ямагучи энэ оны эхээр хоёр улайрсан фэнийхээ халдлагад өртсөн тухай нийтэд мэдээлж байжээ.

 

Эх сурвалж: BBC