Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Үхрийн бие дээр алаг судал зурвал ялаа шумуулны довтолгоонд бага өртдөгийг тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Японы хэсэг судлаачид үхрийн бие дээр Африкийн судалт тахиных шиг хээ зурснаар ялаа, шумууланд хазуулах тохиолдол эрс багасдаг болохыг туршилтаар баталжээ.

Тэдний судалгааны тайлан PLOS One сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Судлаачид зургаан үхрийг сонгож, зарим дээр нь хар цагаан судал, зарим дээр нь хар судал, үлдсэн хэсэгийг нь будалгүй орхисон гэнэ.

Ингээд тэдгээр үхрийг камерны тусламжтай ажигласан байна. Ингэхэд будаагүй болон хар судалтай үхэрнүүд 30 минутын хугацаанд тус бүр 110 орчим удаа ялаа шумуулд хазуулжээ.

Харин хар цагаанаар алаглуулж будсан үхэрнүүд ижил хугацаанд 50 хувиар бага буюу 60 хүрэхгүй удаа хазуулсан байна.

Африкийн судалт тахь байгалийн шалгарлаар алаг судалтай болсон гэж өмнө нь эрдэмтэд дүгнэж байсан юм. Энэ нь цус сорогч шавьжнуудын довтолгооноос хамгаалах үйлчилгээтэй гэнэ.

Хар ба цагаан өнгөний эрс тэс хослолтой тулгарсан ялаа, шумуулнуудын орон зайн мэдрэмж алдагдаж, тахины бие дээр ихэнхдээ сууж чаддаггүй байна. Энэхүү дүгнэлт дээр үндэслэн Японы судлаачид өөрсдийн туршилтыг зохион байгуулжээ.

Ялаа, шумуул нь үхрийн тайван байдлыг алдагдуулж, стрессийг нь нэмснээр мах, сүүний гарцад нь тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна. Хэрвээ энэ нөлөөг тооцож үзвэл багагүй хэмжээний хохирол гарах гэнэ. Тиймээс үхэр сүргийг байгальд хоргүй будгаар будах хялбар арга технологи боловсруулж чадвал эдийн засгийн үр ашгийг нь нэмэгдүүлэх боломжтой гэж судлаачид дүгнэжээ.

 

Эх сурвалж: CNN