Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын дарга аа, шинэ суурьшлын бүс байгуулахаа болиод мартагдсан суурин нэмэхээр болсон юм уу

Д.Чанцалдулам, Үндэсний шуудан
2019 оны 10 сарын 9
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хэдэн жилийн өмнө үерийн аман дээр буусан айлуудын эздийг ажилдаа яваад ирэхэд нь гэрийг нь Хан-Уул дүүргийн XIII хороо буюу “Шувуун фабрик”-ийн урд дэнжид албадан нүүлгэн шилжүүлээд “Энд шинэ суурьшлын бүс байгууллаа” хэмээн албаныхан мэдээлж байсан.

Шинэ суурьшлын бүсэд сайн дураараа болон албадан нүүж очсон 100 гаруй айлын газрын гэрчилгээг бараг тэр өдөрт нь гарган өгч байлаа. Улаанбаатар хотын хүн амын нягтаршил ихсэж хотыг тэлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар таван бүсийг шинэ суурьшлын бүс болгон тухайн үед зарласан.

Тодруулбал, Морингийн даваа, Авто худалдааны төв, Био-Сонгино, Улиастайн ам, Яармагийн спорт цогцолбор орчмын шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгааг уг явдлаас гурван жилийн өмнө гаргасан гэдэг. Айл суурьшсан цагаас нь тооцвол хэдийнээ дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, цахилгаантай болсон байх ёстой Био-Сонгино орчмын суурьшлын бүсээс бид сурвалжилга бэлтгэлээ.

Улаанбаатар хотоос 40 гаруй километр яваад төв зам дагуух автобусны буудал дээр бууж айлуудыг чиглэн алхлаа. Автобусны буудлаас урагш гурван буудал орчим газар алхаж энд, тэнд нь хашаа барьсан эл хуль хэдхэн айлын дунд очив. Ирэх замд хайрга болон шороо ачсан том машинууд арав, хориороо зөрж, үнс нурам шиг саарал хуурай тоосонд булагдсаар айлын хашаанд тулав.

Энд ойролцоогоор 60 гаруй хашаа баригдсан ч хашаандаа амьдарч байгаа айл тун цөөн юм. Урдаасаа нийт 10 гаруй эгнээтэй хамгийн баруун талын хэсгийн хашаануудад 11 айл төвхнөжээ. Эдгээр айлаас зүүн тийш ганц хоёр хашаанд байшин, гэртэй айлууд байх ч хүнгүй бололтой. 3x3 хэмжээтэй улаан тоосгон байшин дээр жижигхэн хаяг зэрэглээтэн харагдана.

Энд үүнээс өөр хаяг, шошготой нэг ч дэлгүүр хоршоо байсангүй. Хажууд нь дөхөөд очвол 792 дугаар худаг гэсэн зөөврийн худаг байлаа. Худгийн хажуу талаас урагш харвал урд толгодын цаанаас шороон замын тоос сааралтан харагдсаар айлуудын баруун талаар үргэлжлэн суунаглана.

ХОТЫН УТААНААС ДОР АГААРТАЙ ОРЧИНД ШИНЭ СУУРЬШЛЫН БҮСИЙН ИРГЭД АМЬДАРЧ БАЙНА

Бид эндээс холгүйхэн амьдардаг Хан-Уул дүүргийн XIII хорооны гэрээний ажилтан Ж.Үүрийнжинтэй уулзсан юм. Тэрбээр “Анх энэ дэнжид нэг ч айл байдаггүй хоосон тал байсан. Айлууд албадан болон сайн дураараа нүүж ирээд энд 100 гаруй айл төвхнөсөн ч одоо цөөхөн айл үлдээд байгаа нь энэ.

Шинэ суурьшлын бүс бий болгохоор газар үнэгүй өгч байсан болохоор олон айл ирсэн ч, залуучууд нь хотоос хол, ажлын байр байхгүй, халуун хүйтэн усгүй, нийтийн тээвэр тогтмол ирдэггүй, цахилгаан дулаан байхгүй гэсээр буцаад нүүсэн дээ. Гэхдээ жилийн өмнө улсын чанартай өндер хүчдэл тавьсан болохоор урин дулааны цагт зарим айл агаарлах гэж ирдэг болоод байна.

Шинэ суурьшлын бүс бий болсонтой зэрэгцээд энэ урд толгодын дор хайрга, дайрганы үйлдвэр бий болж газар нутгийг минь сэндийчих болсон. Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл энэ айлуудын баруун талаар хайрга ачсан машинууд цувж, тоос шороо нь дийлдэхээ болиод удаж байна. Үнсэн саарал тортог болсон хувцастай хүүхдүүд л сургууль, цэцэрлэгтээ очдог.

Үүнээс гадна энэ тоосжилт иргэдийн бухимдлыг маш ихээр төрүүлж байгаа. Мөн хүүхдүүдээс ханиад томуу салахгүй байна. Хотын дарга болон холбогдох байгууллагынханд хорооноос удаа дараа албан бичиг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байна.

Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Г.Занданшатар газар дээр нь танилцаад, “Маргааш гэхэд энэ үйлдвэрүүдийг зогсооно, эндээс хайрга дайрга ачсан бүх машиныг улсын орлого болгоно” гэж хэлсэн. Гэтэл маргаашаас нь хайрга, дайрга ачсан машинууд нь том шаланз, хово болон томорч, машины цуваа улам нэмэгдсэн.

Мөн үүнээс болж залуу гэр бүлүүд энд амьдрахаа больсон. Нялх хүүхэдтэй учраас хотын утаанаас дор агаартай байна гээд буцаж байгаа. Гурван улирлын турш хайрга дайрганы үйлдвэрүүд ажиллаж байдаг. Өвлийн улиралд ганц, хоёр сар зогсож тоосжилтоос салж байна” гэв.

ХАЙРГАНЫ ҮЙЛДВЭРИЙН НҮХЭНД МАЛ УНАХ, ҮХЭХ НЬ ЭЛБЭГ

Урдаасаа гурав дахь эгнээний эхний хашаанд хоёр гэр, 6x7 хэмжээтэй тоосгон байшин дутуу баригдсан байв. Энэ хавийн айлуудын хашаа нь ихэнх нь блок, эднийх ч мен ялгаагүй блокон хашаатай байлаа. Гэрийн эзэн “Анх манайх үерийн аман дээрээс албадан нүүлгүүлж ирсэн. Тог цахилгаан, сургууль, цэцэрлэг, дэлгүүр хоршоо зэрэг хүн амьдрахад таатай бүхнийг хоёр жилийн дотор бий болгоно гэж дарга удирдлагууд хэлж байсан ч одоо хүртэл алга.

Өнгөрсөн жилээс л айлууд цахилгаантай залгалаа. Өмнө нь айлууд хувиараа долдугаар хэсэг буюу 7-8 километрийн цаанаас тог татаж, мөн боломжтой айлууд салаалж авч байсан ч тэр нь их үнэтэй байдаг байлаа. Энэ хавьд залуучууд бараг байхгүй, голдуу манайх шиг л 60 гаруй насны ач зээгээ харсан ажилгүй, хот руу орох шаардлагагүй тэтгэврийн хүмүүс л байгаа.

Манай энэ шинэ суурьшлын бүс рүү автобус анх гурван удаа л ирсэн. Тэрнээс хойш хүн цөөтэй, автобусанд суух хүн бараг байхгүй гээд дахиж ирэхээ больсон. Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэх гэж ирж очихдоо 6-7 километр зарцуулдаг. Манайх ч хувийн машинтай болохоор болоод л байна.

Уг нь сургуулийн автобус гэж өглөө явдаг. Манай эндээс гадна энэ хорооны зургаа, долоон хэсгийн хүүхдүүд автобусанд суудаг болохоор багтахгүй байх нь элбэг. Мөн энэ бүсэд нэг ч дэлгүүр байхгүй. Дэлгүүр хоршоо орох шаардлагатай болбол төв зам руу л алхана даа. Саяхан худагтай болсон нь сайшаалтай байгаа ч энэ худгаас ус авдаг хүн ховор. Учир нь гүний биш, зөөврийн худаг.

Худгийн ус бараг 14 хонодог болохоор зөөлхөн, сонин амттай. Хамгийн гол нь энэ баруун урд байгаа хайрга дайрганы үйлдвэрүүд л их асуудал болж байна. Жилийн дөрвөн улирлын улирал бүрт л гэртээ цагаан бүрээс авч байна. Хүүхдүүд гадаа тоглох ямар ч нөхцөл алга” гэж байлаа. Мөн хойд талын хашаанаас 60 орчим насны эмэгтэй гарч ирж бидэнд учир байдлаа тайлбарласан юм.

Тэрбээр “Хайрганы үйлдвэрээс болж 20 гаруй малаа бүгдийг нь үгүй хийлээ. Зарим нь ухсан нүхэнд нь орж үхээд, зарим нь мал болохооргүй болсон. Хэдэн мал минь дуусаад байна. Сүүлдээ бэлчих газаргүй болж, үлдсэнийг зарсан” гэв.

ХАЙРГАНЫ ҮЙЛДВЭР, ИРГЭН ХОЁРЫН ДАЙН ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ

Бид иргэдийн хэлсэн урд толгод руу алхаж өндөрлөг цэг  дээрээс орчин тойрныг харахаар зорилоо. Толгодын орой дээрээс харвал нам гүм, хэсэг бүлэг айлын яндангаас утаа суунаглаж, сургууль, цэцэрлэг тарж хүүхдүүд гэртээ ирж байв. Урагшаа харвал урд хөндийг тэр чигт сэндийлсэн, тоос, манан угтах нь тэр. Газар дээр нь очиж үзэхээр урдаас ирж яваа хайрга, шороо ачсан машины цуваа руу хөдөллөө.

Жолооч нарт хүн амьдарч байгаа бүсэд үйлдвэрүүд байх ёсгүй талаар хэлэхэд “Бид ухаж, бэлэн болгосон шороог ачиж барилгын компани руу л нийлүүлэх үүрэгтэй. Энэ үйлдвэрүүдийг зогсооно, хаана гэж иргэд их бухимдаж, ажил үүргээ гүйцэтгэж яваа жолооч, иргэн хоёрын дайн л их болж байна” гэлээ. Энд хайрга, дайрганы үйлдвэрүүдийн ажилчид л байгаа учраас холбогдох хүмүүсээс мэдээлэл авч чадсангүй.

Газрыг гүн ухаж, энд тэндгүй хөрсний ус гарч, нуур шиг болсон хоёр, гурван ч газар байлаа. Хайрга, шорооны цаахна 500 метр хүрэхгүй энгэрт хөлбөмбөгийн ногоон зүлэг шиг талбай харагдаж байсан нь содон санагдаж, чухам юу болохыг тодрууллаа. Битүү тоос агаарт пургисан газрын яг хажууд байрлах уг ногоон талбай нь “Моцос” эмийн үйлдвэрийн эмийн ургамлын талбай гэдгийг иргэд хэлж байв.

Шинэ суурьшлын бүсийн айлуудаас зүүн тийш хэдхэн километрийн цаана сургууль баригдаж байгаад зогссон гэдгийг иргэд хэлсэн юм. Очиж үзэхэд ажлын явц 30 гаруй хувьтай яваад л зогссон байлаа.

Шинэ суурьшлын бүсийн иргэд хорооны цэцэрлэг, сургуульд хүүхдүүдээ сургаж, эмнэлгээр үйлчлүүлдэг байна. Тус хороонд шинэ эмнэлэг, мөн спорт заал баригдаж байгааг албаныхан хэлэв.

Бид шинэ суурьшлын бүсийн иргэд хэзээ сургууль, эмнэлэгтэй болох талаар Хан-Уул дүүргийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Н.Одончимэгээс тодруулахад “Сургуулийг хувийн компани өөрсдийн мөнгөөр бариад улсад худалдах зохицуулалттайгаар барьж байгаа. Гэтэл Засгийн газрын хуралдаанаар үүнийг зогсоосон. Шинэ суурьшлын бүсийн иргэдийн хүүхдүүд хорооны 26 дугаар сургуульд явах боломжтой. Хороонд шинэ цэцэрлэг ашиглалтад орсон, Шувуун фабрик орчмын бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаа” хэмээв.

ШИНЭ СУУРЬШЛЫН БҮСЭД ИРГЭДЭД олгох ГАЗАР БАЙХГҮЙ

Бид буцах замдаа Хан-Уул дүүргийн газрын албанаас XIII хороонд иргэдэд өгөх газар болон иргэд очиж суурьших боломж байгаа юу гэдгийг асуусан юм. Тус дүүргийн XIII хороог хариуцсан газар зохион байгуулагч Т.Эрдэнэбаяр “2016 оноос хойш ганц ч газар олгоогүй. Цахимаар газар олгож байгаад зогсоосон. Газар дээрээ олон жил амьдарсан хүмүүст л газрыг нь өмчлүүлсэн. Шинэ суурьшлын бүсэд иргэд амьдарч байгаа, тэнд олгох газар байхгүй.

Иргэдэд суурьшлын бүсийг нь зааж өгч, малын бэлчээр лүү тэлүүлэхгүй тал дээр л арга хэмжээ авч ажиллаж байна” гэсэн юм. Гэвч бодит байдал дээр тэнд хүн битгий хэл мал ч бэлчээрлэх боломжгүй. тоос, шороо тэнгэр баганадтал боссон цэлийсэн, талд хэдхэн өрх амьдарч байна.

Зураг