Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Франтишек Теплый: Орон нутагт үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь Монголд ашигтай

Б.Туул
2019 оны 10 сарын 9
Зууны мэдээ
Зураг зураг

Энэ удаагийн “Бизнес, хөгжил” булангийн зочноор Монгол Улсад олон жил бизнесийн үйл ажиллагаа явуулж буй Чех улсын “Алфакон” компанийн захирал Франтишек Теплыйг урьж, ярилцлаа.

 -“Алфакон” компани Монголд олон жил бизнес эрхэлж буй, Чех улсын туршлагатай компаниудын нэг. Тиймээс байгууллагаа товчхон танилцуулна уу. Одоо ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа вэ. Харилцагчдын хүрээ хэр өргөжиж байна?

-Юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд, 1987 оноос хойш Монголд амьдарч байна. 1990 онд компаниа байгуулаад, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Манай компани Монголд хүнсний чиглэлийн олон үйлдвэрийг барьж байгуулсан. Харин одоо уул уурхай, хүнс үйлдвэрлэлийн салбарт түлхүү анхаарч ажиллаж байна. Бидний хамгийн том харилцагч байгууллага бол “Эрдэнэт үйлдвэр” юм. Бид олон жил найрсаг харилцаатай, хамтран ажиллаж байна.

-Ирэх жил Чех, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. Энэ ажлын хүрээнд сая БНЧУ-ын Сенатын танхимын ерөнхийлөгч Монголд ирээд буцлаа. Мөн хоёр орны бизнесийн салбарынхан уулзаж, олон чухал асуудлыг хэлэлцсэн. Таны хувьд, эдгээр арга хэмжээнээс ямар үр дүн хүлээж байна вэ?

-Манай хоёр улс олон жилийн найрсаг харилцаатай.

Тэр утгаараа Монгол Чех хоёр улсын бизнес эрхлэгчид жил бүр уулзалдаж, худалдаа эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх форумыг зохион байгуулдаг. Бидний хувьд, хоёр улсын бизнес эдийн засгийн салбарт хамтран ажиллах хүрээ өргөжин тэлж, олон боломжуудыг нээн өгч байгаад баяртай байдаг.

Монгол Улсад барилга, уул уурхай, хөдөө аж ахуйн салбар нэлээд идэвхтэй хөгжиж байна. Энэ удаагийн уулзалтаас хоёр орны бизнес эдийн засгийн салбарт хамтран ажиллах олон боломж, бизнес санаа гарна гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа, хоёр улсын бизнес эрхлэгчдийг хамтран ажиллах боломжоор хангах, харилцан мэдээлэл солилцох, салбар бүрт туршлага судлах зэрэгт энэ удаагийн уулзалтууд ихээхэн ач холбогдол өгнө гэж харж байна.

-Хоёр улсын бизнес форумд Монголд бизнес хийх сонирхолтой, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг санал болгож буй 20 орчим компани хүрэлцэн ирсэн байсан. Монголд олон жил бизнес эрхэлж буй, туршлагатай хүний хувьд та тэдэнд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Бид Монголд бизнес хийгээд 30 жил болж байна. Ер нь бол Монголд бизнес эрхлэхэд  асуудалтай зүйл байхгүй. Хамгийн гол нь энд ирээд орчинтой нь танилцах хэрэгтэй. Яагаад гэвэл, Монголтой хамтарч ажиллах бизнесийн үйл ажиллагааг интернетээр явуулах боломжгүй. Энд яг өөрөө биеэрээ л байх хэрэгтэй. Мөн Монголын орчин нөхцөл, бизнес хийх тухайн салбарын үйл ажиллагаатай танилцаж байж  таны бизнес амжилттай явагдана. Тиймээс өөрийнхөө туршлагаас хуваалцахад, Монголд бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах хувь хүн, албан байгууллага хэн ч байсан, өөрөө энд ажиллаж, амьдрах ёстой. Орчинтой нь эхлээд танилцах ёстой гэж л хэлмээр байна.

-Чехийн компаниуд Монголд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой байна вэ. Ер нь Монголд бизнес хийхэд хууль эрх зүйн орчин хийгээд ажиллаж, амьдрах орчин хэр байна?

-Монголын бизнесийн орчин сайн. Гэхдээ хурд муутай, удаан явцтай. Түүнээс өөрөөр бол,  ямар нэгэн асуудалтай зүйл байдаггүй.  Энэ удаагийн бизнес уулзалтад барилга, уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой компаниудын төлөөлөл цөөнгүй ирсэн байна лээ.

-Гадаадын зарим бизнес эрхлэгчид Монголын улс төр тогтворгүй, бизнес явуулахад хууль эрхзүйн орчин боловсронгуй биш гэж шүүмжилдэг.  Таны хувьд, энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Аль ч орны бизнес эрхлэгчдэд тухайн орны улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх нь чухал байдаг. Бидний хувьд ч бас үүнд санаа зовниж ажилладаг. Учир нь бид бас өмнө нь улсын чанартай томоохон төсөл хэрэгжүүлэх гээд чадаагүй. Элсэн чихрийн үйлдвэр байгуулах гэтэл Монгол Улсын Засгийн газар солигдоод, бидний авчирсан үйлдвэр энд ажиллаж чадаагүй. Тиймээс Засгийн газар хоорондын уялдаа холбоо бас их чухал байдаг. Бизнес эрхлэгчдийн хувьд улс төрийн амьдрал тогтвортой байх нь их чухал юм.

-Чех, Монголын хооронд тээвэр зууч, визийн асуудал хүндрэлтэй байдаг гэж сонссон. Одоо энэ асуудал хэр цэгцэрсэн бэ?

-Би 30 жил Монголд ажиллаж амьдраад, Чех-Монголын хооронд хамтарсан бизнес эрхлээд явж байхад надад виз болон өөр бусад зүйл дээр ч гэсэн тийм хүндрэлтэй асуудал тулгарч байгаагүй. Манай компани бас Монголоос албан ёсны гэрээтэй, хөдөлмөрийн гэрээгээр  оёдолчдыг гаргадаг.

Бид Чех улсын “Автомобил” үйлдвэрлэдэг компани руу оёдлын салбарт ажиллах сонирхолтой хүмүүсийг явуулж зуучилдаг юм. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахад ч гэсэн бидэнд визний тал дээр асуудалтай зүйл  гарч байгаагүй.

Тэгэхээр бидний зүгээс Монголын бизнесийн орчин бол боломжийн гэсэн дүгнэлтийг өгдөг. Тиймээс  Чех улсын зүгээс бүхий л салбарт худалдаа хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтой.Ялангуяа, эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхай, хүнс хөнгөн үйлдвэр, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах олон боломжуудыг нээж өгөөсэй гэж боддог.

-Чех улсад цөөнгүй монголчууд ажиллаж, амьдардаг. Та ч бас Монголд олон жил ажиллаж байна. Ер нь монгол хүн ажилд хэр байна, монголчуудтай ажиллахын давуу тал юу вэ?

-Европын орнуудаас Чех улсад монголчууд хамгийн ихээр ажиллаж, амьдардаг гэдгийг ноён Сенатын дарга хэлсэн. Зөвхөн манай компани л гэхэд одоогийн байдлаар 3,000 гаруй оёдолчин хүлээж аваад байна. Чех улсад хөдөлмөрлөх эрх зүйн орчин, цалин хангамж сайн байдаг. Мөн монгол ажилчдад маш их анхаарал тавьж, ажиллаж амьдрах нөхцлөөр нь хангаж өгдөг. Монголчууд ажилд хичээнгүй, бүтээмж өндөртэй сайн ажилладаг.

Чехийн соёл, орчин нөхцөлдөө  ч  амархан дасаж зохицдог. Ер нь чехүүд монгол ажилчдад эерэг хандлагатай байдаг. Тиймээс бид Чех улс руу явж ажиллаж амьдрах хүсэл сонирхолтой хүмүүст боломж олгож, туслах үүднээс оёдлын салбарт ажиллах боломжийг олгодог гэсэн үг. Түүнээс  бидний бизнес эрхэлж буй үндсэн чиглэл бол уул уурхай, барилга,хүнсний чиглэл. Бид эдгээр салбарт түлхүү анхаарч ажилладаг.

-Уул уурхай, барилга, хүнс гээд энэ олон чиглэлд үйл ажиллагаа явуулахад ажиллах хүчин, боловсон хүчнийхээ асуудлыг яаж шийдвэрлэдэг вэ. Мөн манай улс барилгын салбар, дэд бүтцийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. Чехийн бизнес эрхлэгчдэд энэ чиглэлээр хамтран ажиллах боломжууд хэр байна. Бидний зүгээс юун дээр анхаарч ажиллах шаардлагатай байна вэ?

-Бидний зүгээс мэргэжлийн өндөр түвшний хүмүүсийг Чех улсаас авчирч ажиллуулдаг. Мөн орон нутгийн ажилчдыг урьж ажиллуулдаг. Барилгын салбарын хувьд хэлэхэд, барилгын салбарыг дан ганцхан орон сууц барих чиглэлээр төсөөлөх хэрэггүй юм. Үйлдвэрлэлийн барилга барих чиглэлд хамтарч ажиллах олон боломж бий. Монгол Улс хэдийгээр өргөн уудам газар нутагтай ч яг одоохондоо Монголд том үйлдвэр хэрэггүй.

Харин хөдөө аймаг, орон нутагт тохирсон, тогтсон үйл ажиллагаатай, жижиг үйлдвэрүүдийг байгуулбал  зах зээлээ өргөтгөхөд хэрэгтэй. Мөн Монгол Улсын зах зээл, иргэдийн амьдрал, улс орны хөгжилд богино хугацаанд ач тусаа өгнө гэж хардаг. Тиймээс Чех улсын бизнес эрхлэгчид энэ чиглэл рүү бас анхаарч ажиллаасай гэж хүсэж байна.

Нөгөөтэйгүүр, Монгол Улс геологи уул уурхайн салбарт зөвхөн байгалийн баялгийг ашиглаад, үүнийгээ гадагш нь зараад ард түмнээ тэжээж чадахгүй. Тиймээс жижиг гэлтгүй зүйлийг дотооддоо үйлдвэрлэдэг, өөрсдийн гэсэн үйлдвэртэй байх нь чухал юм. Ялангуяа, хөдөө орон нутагт жижиг оврын үйлдвэрүүдтэй байх нь иргэдийн ахуй амьдралд их хэрэгтэй. Орон нутагт үйлдвэрлэл хөгжинө, төвлөрөл багасна,  ажлын байр шинээр нэмэгдэнэ.

-Ярилцлагынхаа төгсгөлд, бизнесээс огт өөр зүйл асууя. Монголд ажиллаж амьдардаг гадаад хүмүүс Улаанбаатарын агаарын бохирдлоос их дайждаг. Таны хувьд ямар байна?

-Би Монголд олон жил амьдарч байна. Ер нь бол хүн хаана ч амьдарсан тухайн орчинтойгоо зохицох л хэрэгтэй болдог. Гэхдээ Улаанбаатарын утаа сүүлийн жилүүдэд багасаж байгаа гэж боддог. Агаарын бохирдлыг бууруулах гээд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Хүн бүр энэ асуудалд санаа тавьж байна. Жил ирэх тусам хотын утаа шингэрээд арай дээр болж байна. Мэдээж, цаг агаарын хувьд хүйтэн орон учраас утаа гэнэт  алга болчихгүй. Тиймээс аль алиныг нь зохицуулаад ажиллаж, амьдрах хэрэгтэй, дасах л хэрэгтэй. Монголд 20-30 жил ажиллаж байгаа гэхэд, миний эрүүл мэнд хэвийн, муудаагүй л байна шүү дээ.

Зураг