Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Ерөнхий сайдын Казахстанд хийх айлчлалын бүрэлдэхүүнд 60 гаруй бизнесийн байгууллагын төлөөлөл багтсан"

Г.Номин, iKon.mn
2019 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар энэ сарын 10-12-нд тус улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.

Уг айлчлалын үеэр байгуулагдах хэлэлцээ, айлчлалын хамрах хүрээний талаар зарим зүйлийг Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжингөөс тодрууллаа.

-Ерөнхий сайдын айлчлал 25 жилийн дараах гэдгээрээ анхаарал татаж байгаа. Хугацааны хувьд тодруулж мэдээлэл өгвөл?

- Ерөнхий сайдын албан ёсны айлчлалыг өндөр түвшний айлчлалын давтамжаа хадгалж байгаа стратегийн ач холбогдолтой гэж хэлж болно. Монгол Улс Төв Ази тэр дундаа Казахстан улс руу чиглэсэн бодлогоо эрчимжүүлж, шинэ шатанд гаргахыг оролдож байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилж буй хоёр дахь Ерөнхий сайд болж байгаа. Өмнө нь 1994 онд П.Жасрай гуай айлчилж байсан. Түүнээс хойш 25 жил тасраад байсан бөгөөд Ерөнхий сайдын албан ёсны айлчлал энэ сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Нур-Султан хотод хийгдэх гэж байна.

Товч тодорхой бөгөөд үр дүнтэй, шуурхай айлчлал хийх зарчим барьж, бэлтгэлээ хангаж байгаа.

-Айлчлалын гол үр дүн юу байх вэ, ямар ямар хэлэлцээ байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Айлчлалын үеэр Засгийн газрын түвшний, төрийн байгууллагууд хоорондын, хувийн хэвшлийн гээд гэрээ хэлэлцээрүүд зурагдана. Ажлын хэсгийнхэн газар дээр нь очоод текстээ тохироод байж байна.

-Айлчлалын үеэр Казахстан улсын төр засгийн өндөр албан тушаалтнуудтай уулзахаас гадна Казахстаны бизнес форумд оролцоно гэсэн байсан. Бизнесийн форумын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Хоёр орны хоорондох худалдааны эргэлт бага байгаа. Бид Төв Ази тэр дундаа Казахстан улс руу чиглэсэн бодлогоо эрчимжүүлье, харилцаагаа шинэ түвшинд гаргаж, хамтарсан бизнесүүд бий болгохыг зорьж байна. Хамтарсан бизнесүүд хөгжих нь хоёр орон цаашдаа урт хугацаанд харилцаагаа хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Тиймээс айлчлалын бүрэлдэхүүнд бизнесийн салбарынхныг нэлээд өргөнөөр хамруулсан.

Нийтдээ 60 гаруй бизнесийн байгууллагын төлөөлөл Казахстаны бизнес форумд оролцоно. Казахстаны талаас ч гэсэн тодорхой амжилтад хүрсэн, нэр хүндтэй компаниудаа форумд оролцуулахаар байгаа.