Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Таван сая малтай Швейцар 250 гаруй төрлийн бяслаг экспортолдог

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2019 оны 10 сарын 8
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Одоогоос ердөө 40 орчим жилийн өмнө зуны халуун өдрүүдэд савтай сүүгээ гашилган хийх байх газраа олж ядсан Энэтхэгийн малчид өнөөдөр дэлхийд алдартай брэнд бүтээж, түүнийгээ Америк, Канад, Европын зах зээл рүү гаргадаг болоод байна.

Энэтхэгийн Гужарат мужийн малчид анхандаа сүүгээ маш хямд үнээр борлуулдаг байжээ. Бомбэй зэрэг томоохон хотууд руу албан ёсоор сүү нийлүүлдэг хувийн компани монополь байдлаа тогтоосон учраас тэдэн шиг ашиг олох боломж жирийн малчдад байсангүй. Энэтхэг шиг халуун оронд орон нутгийн малчид сүүгээ томоохон хотуудад аваачиж борлуулна гэдэг бүтэшгүй мөрөөдөл байв.

Энэ мэтчилэн бэрхшээлтэй тулгарсан Энэтхэгийн малчид өчүүхэн бага үнээр сүүгээ борлуулдаг байж. Энэ үед нэг нь санаачлан хоршоолол маягийн зүйл байгуулах санал гаргасан нь хожим “Амул” гэх нэрээрээ алдартай болжээ.

Том хот руу сүүгээ гашилгахгүйгээр хүргэж егөхийн тулд боловсруулах шаардлагатай болов. Боловсруулах техник, технологи нь ганц малчинд ахдахаар үнэтэй байсан учир хэдүүлээ нийлж байгаад худалдаж авлаа. Үүний ачаар том хотууд руу гашлаагүй, шинэхэн сүү хүргэж өгдөг болжээ.

Хөдөөгийн малчдын санал болгосон үнэ Бомбэй хотын хэрэглэгчдэд ч таалагдах болов. Ингэж байтал зургаахан сарын дотор хоршоололд 400 гаруй өрх нэгдэн оров. 

Тэд өдөрт 250-5,000 литр сүү нийлүүлж, зах зээлд гаргаж эхэллээ. Жижигхэн тосгонуудад айл өрхийн амьдрал сайжирсаар. Гэтэл дараагийн асуудал гарч ирэв. Нэг л мэдэхэд хоршоололд нэгдсэн айлуудын тоо хэт олон болж, тэд Бомбэй хотынхны сүүний хэрэгцээнээс даруй 2.5 дахин илүү их сүү нийлүүлэх болжээ. Үүнээс болж дахиад л үнэ буурч эхлэв. Энэ үед хоршооллын удирдлагууд нэг арга бодож олсон нь сүүг боловсруулан өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал байв.

Ингээд анх байгуулагдсан цагаасаа хойш есхөн жилийн дараа хоршоолол цөцгий, тос, хуурай сүүний жижиг үйлдвэртэй болжээ. Яваандаа үйлдвэр нь өтгөрүүлсэн сүү, хүүхдийн тэжээл, бяслаг, тэр ч байтугай шоколад үйлдвэрлэж эхлэв.

Хэдхэн жилийн дараа хоршоолол хүүхдийн сүүн тэжээл 2,500 тонн, бяслаг 600 тонныг жил тутамд үйлдвэрлэдэг болох нь тэр. Хамгийн гол нь “Амул” хэмээх энэхүү хоршоолол хувийн компани биш учраас олсон ашиг нь хэдхэн хүний халаас руу орсонгүй. Олон зуун айл өрхийн нэгдэл байсан учир олон хүний амьдрал, орлогын гол эх үүсвэр болж, үр өгөөж нь илүү хүртээмжтэй байлаа.

Төд удалгүй олон улсын байгууллагууд тус хоршооллын үйл ажиллагаа хэрхэн амжилттай явж байгааг анхаарч эхэлсэн байна. Түүнээс гадна Энэтхэгийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр хилийн чанад руу бүтээгдэхүүнээ гаргаж эхэлжээ.

Гэхдээ ингээд бүх зүйл сайхан болсон юм биш. Өдөрт 20 тонн бяслаг, 40 тонн хуурай сүү үйлдвэрлэдэг үйлдвэр байлаа гээд чанараас гадна ашиг шим, сүүний гарц зэргийг сайжруулах шаардлагатай болж эхлэв. Мөн фермерүүдийн малын тоо толгой, эрүүл мэндэд анхаарах цаг ч болжээ. Тиймээс хоршооллоос явуулын мал эмнэлгүүдийг ажиллуулж, жижиг тосгонуудаар явуулдаг болов. Энэ нь Энэтхэгийн малчдад ойр дөхөм болсон анхны эмнэлгийн үйлчилгээ байсан юм.

Малын эмч нарыг тусгай холбооны хэрэгслээр хангах зэргээр улам хөгжүүлсээр.

Хамгийн гол нь энэ бүгдэд зориулах зардлыг ганц хүн дангаараа гаргахгүй. Хоршоололд багтсан бүх малчны дундын орлогоос гаргаж байв. Өнөөдөр “Амул” хоршоолол 3.1 сая гишүүнтэй.

Жилд 3.4 тэрбум литр сүү боловсруулж, дотоод, гадаадын зах зээлийг хангадаг. Хамгийн наад зах нь олон улсын нислэг үйлддэг онгоцнуудад “Амул’’ хэмээн нэрлэгдсэн тос, цөцгийгөөр үйлчилж байна. Одоогоор "Амул” хоршоолол жилд 1.8 тэрбум ам.долларын ашиг орлого олдог аж. Хамгийн гол нь “Амул” брэнд хөдөө орон нутгийг хөгжүүлэх сонгодог жишээ болсон юм. Энэтхэгчүүдтэй харьцуулахад гуравхан сая хүн амтай атлаа Монгол Улс сүү, цагаан идээгээрээ ядаж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа шалтгаан нь бас л сонин.

Манайх малын гаралтай бүтээгдэхүүний экспортын дийлэнх хэсгийг зөвхөн ноолуур эзэлдэг. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханш тогтворгүй байгаа энэ үед малын гаралтай бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргаж, импортоор оруулж ирсэн масло, бяслаг хэрэглэх биш, экспортоор сүү сүүн бүтээгдэхүүнээ гаргах цаг хэдийнээ болсон мэт.

Дэлхийн нэг хүнд ногдох сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 2015 оны байдлаар 111.З кг байжээ. Харин Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар, 2025 он гэхэд энэ тоо 12.5 хувиар өсөхөөр байгаа аж.

Бяслагны экспортоор дэлхийд тэргүүлдэг ХБНГУ, Голланд, Франц, Итали, Дани зэрэг орон зөвхөн бяслагны экспортоос жилд дунджаар таван тэрбум ам.долларт олдог.

Герман дэлхийн бяслагны экспортын 13.8 хувийг дангаар бүрдүүлж, жилдээ 3.7, Голланд 3.3, Франц 3.3, Итали 2.7, Дани 1.5 тэрбум ам.долларын ашиг олж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ нэлээд хувийг бүрдүүлж байна.

Дэлхийн нийт сүү сүүн бүтэгдэхүүний хэрэглээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдэж, 482 сая тонноос 754 сая тонн болсон. Ази тивийн сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээ ч сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж байна. Дэлхийн нийт сүү, сүүн бүтээгдэхүүний импортын 71.8 хувийг хуурай сүүний импорт эзэлж байх жишээтэй. Хуурай сүүний импортоор БНХАУ, Хонконг, Саудын Араб, Алжир тэргүүлдэг.

Манай урд хөрш импортолсон хуурай сүүний хэмжээ болон үнийн дүнгээрээ, харин хойд хөрш хуурай сүүний импортын өсөлтөөрөө тэргүүлж байгаа нь манай улсын хувьд экспортын том зах зээл байгааг илтгэж байгаа юм.

БНХАУ хуурай сүүгээ 30 улсаас, дийлэнхийг нь дэлхийд хуурай сүүний экспортоор тэргүүлэгч зургаан улс орноос авдаг. Харин ОХУ-ын хувьд сүүлийн жилүүдэд хуурай сүүний импорт тогтвортой өсөж байгаа бөгөөд өнгөрсөн онд долоон улсаас хуурай сүү импортолжээ. ӨМӨЗО, Хэбэй, Хэнань мужид сүүлийн жилүүдэд сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.4 хувиар буураад байгаа аж.

Үүний улмаас БНХАУ-ын сүү, сүүн бүтээгдэхүүний импорт өсөх хандлагатай байна. Тус улс энэ жил гэхэд өнгөрсөн жилийнхээс 13 хувиар их сүү, сүүн бүтээгдэхүүн импортолсон байна. Манай улс 65 сая малтай. Гэвч бид малын гаралтай бүтээгдэхүүнээс төдийлөн ашиг олж чаддаггүй.

Швейцар Улс таван сая малтай үүнээс ердөө 1.6 орчим сая нь үхэр хэдий ч 250 гаруй төрлийн бяслаг экспортолдог, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хоёр орчим хувийг бүрдүүлдэг. Шинэ Зеланд 10 сая орчим малтай. Гэхдээ дэлхийн 130 гаруй орныг хуурай сүүгээр хангаж байна. Харин бид уул уурхайд түшиглэсэн хэвээр.

Зураг