Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улс таван жилийн хугацаанд 110 сая жорлон шинээр байгуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн 1.3 тэрбум орчим хүн амын бараг талыг нь жорлонгоор хангах нүсэр төсөл хэрэгжиж дуусжээ.

Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди тус улсад ил задгай бие засах явдал устаж алга болсныг албан ёсоор зарласан байна.

“60 сарын хугацаанд 600 гаруй сая хүнд зориулж 110 сая жорлон шинээр байгуулж чадсаныг дэлхий ертөнц бишрэн харж байна” гэж Лхагва гарагт Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ойн баярт үг хэлэхдээ Моди мэдэгджээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ “Ийм богино хугацаанд Энэтхэг улс ил задгай бие засах явдлыг арилгана гэдэгт хэн ч итгээгүй. Харин одоо энэ нь бодитой болж байна” гэж онцолсон юм.

Нарендра Моди 2014 онд “Clean India” төсөл эхлүүлсний нэг хэсэг нь хүн амаа жорлонгоор бүрэн хангах зорилт байв.

Хэрвээ түүний хэлсэн тоо баримт үнэн бол Энэтхэг улс үнэхээр том дэвшил хийсэнд тооцогдоно. Гэвч зарим мэргэжилтнүүд Модигийн үгэнд эргэлзэж, Энэтхэгт ил задгай бие засах үзэгдэл арилах болоогүйг хэлж байна.

Тухайлбал RICE (Research Institute for Compassionate Economics) байгууллагын судлаач Назар Халид эрх баригчид жорлон байгуулахад хэт анхаарал тавиад хүмүүсийг жорлон хэрэглэж сургахад чиглэсэн ажил хийгээгүйг шүүмжилжээ.

Мөн жорлонгуудын тогтвортой ажиллагаа, бохирын системийн холболт хангалтгүй байгааг хэлж байна.

UNICEF-ийн тоо баримтад өгүүлснээр Энэтхэгт 620 сая хүн жорлон хэрэглэж огт үзээгүй, ил задгай бие засдаг нь дэлхийд нэгт орох үзүүлэлт ажээ.

Ил задгай бие зассанаас үүдэлтэй халдварт өвчний тархалт, хүүхдийн эндэгдэл энэ улсад өндөр байдаг. Мөн ил задгай бие засах үзэгдэл нь охид эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллийн хохирогч болоход нөлөөлдгийг UNICEF дурджээ.

Судлаач Назар Халид хүн амын ил задгай бие засах зуршил нь жорлонгүйгээс болдоггүй, дадал хэвшил, уламжлалын асуудал байгааг хэлж байна.

Тиймээс хүн амыг ухуулан сэнхрүүлэх, соёлтой амьдралын хэв маягт сургах нь Энэтхэгийн засгийн газрын дараагийн том ажил болж байгаа ажээ.

 

Эх сурвалж: CNN