Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дундговьчууд засаг даргаа огцрууллаа

С.Пүрэвсүрэн
2013 оны 11 сарын 27
Зууны мэдээ
Дундговь аймгийн Засаг дарга
С.Сүхбаатар

Дундговь аймгийн ИТХ-ын долдугаар хуралдаан энэ сарын 4-нд хуралдахаар зарлагдсан ч тодорхой шалтгаанаар 23-ныг хүртэл хойшлогдоод байсан юм.

Хуралдаанаар хэлэлцэх асуудал нь Адаацаг суманд явагдсан нөхөн сонгуулиар олонхийн санал авсан тул аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцон түр үнэмлэхийг олгосон Ч.Уранчимэгийн бүрэн эрхийг зөвшөөрөх, 2013 оны аймгийн төсөвт тодотгол хийх, Засаг даргын бүрэн эрхийн хугацааны мөрийн хөтөлбөрийг батлах, аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулахаар ИТХ-ны 13 төлөөлөгч буюу нийт бүрэлдэхүүний гуравны нэгээс илүү нь гарын үсэг зурж аймгийн ИТХ-д өргөн барьсан шаардлагыг хэлэлцэхээр тэргүүлэгчдийн хурлаар өмнө нь шийдсэн байв.

Ч.Уранчимэгийг нэр дэвшигчээр бүртгэхдээ алдаа гаргасан гэж аймгийн сонгуулийн хороог МАН-аас шүүхэд өгсөн бөгөөд хууль зөрчөөгүй болохыг баталгаажуулсан шийдвэр гурван шатны шүүхээс гарсан байна.

Харин С.Сүхбаатарыг огцруулахаар ИТХ-ын төлөөлөгчдөөс хуулийн үндэслэлтэй шаардлагыг өргөн барьсан ч аймгийн ИТХ хуралдаж чадаагүйгээс өнөөг хүртэл хойшлогдсоор байжээ.

Ингээд 23-ны өглөө хуралдаан эхлэх байсан ч МАН-ын бүлэг хуралдааны танхимд үдийн өмнө орж ирээгүйгээс хуралдаан үдээс хойш эхэлсэн боловч энэ хооронд ИТХ-ын тэргүүлэгчид МАН-ын шаардлагаар хуралдаж Ч.Уранчимэгийн бүрэн эрхийг зөвшөөрөх болон зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхийг хассан нь маргаан дэгдээлээ.

Үүнийгээ МАН-ын бүлэг “Энэ удаа хүний асуудал ярихгүй, ажил ярина” гэж тайлбарласан ч хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсныг АН-ын бүлэг болон МАХН-МҮАН-эвсэл, бие даагчдын төлөөлөл зөвшөөрсөнгүй. Тэд энэ тухайгаа “Тэргүүлэгчид бол ИТХ-ын хуралдааны чөлөө цагт хурлын үйл ажиллагааг тасалдалгүй явуулахын тулд шийдвэр гаргахаар хуульчлагдсан байдаг.

Нэгэнт төлөөлөгчид цуглаад хуралдаж байхад тэргүүлэгчдийн биш ИТХ-ын хуралдаан хэлэлцэх асуудлыг өөрчлөх эсэхийг шийдэх ёстой. Нөгөө талаар түр үнэмлэхээ авсан нэр дэвшигчийн бүрэн эрхийг хуралдааны эхэнд ёсчлох төдийгүй нэгэнт төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон тул бусад төлөөлөгчийн адил өөрийнхөө төлөө санал өгөх эрхтэй. Засаг даргыг огцруулахаар Төлөөлөгчдийн гуравны нэгээс илүү нь шаардсан байхад хуулиар 15 хоногийн дотор заавал хэлэлцэх ёстой” гэж тайлбарласан тул МАН-ын бүлэг завсарлага авсан юм.

МАН-ын бүлэг завсарлаад өмнөх байр суурин дээрээ хатуу зогсохоо мэдэгдсэн бөгөөд хоёр тал хуулийн заалт иш татан маргалдсаар эхний өдрийн хуралдааныг дуусгасан. МАН-ын дэд дарга Ж.Мөнхчулуун төлөөлөгч А. Эрдэнэцог дээр хэрүүл өдөж очсныг цааш түлхсэн нь зодсон гэгдэж МАН-ын дарга Сүхбаатар цагдаад өргөдөл гаргаснаар хоёр дахь өдрийн хуралдаан бас л амжилтгүй өндөрлөлөө.

Шөнийн 01.00 цагт ИТХ-ын дарга хуралдааны танхимд орж ирж “Өглөө яг 9.00 цагт МАН-ын бүлгийг оруулж ирнэ. Хамгийн эхэнд Ч.Уранчимэгийн бүрэн эрхийг зөвшөөрөх асуудлыг хэлэлцүүлэхээ амлаж байна.

Хэрвээ орж ирэхгүй бол би тэргүүлэгч С.Дэжидэд хуралдааныг даргалах эрхээ шилжүүлж байна” гэснээр тарсан юм. Хуралдааны гурав дахь өдрийн өглөө МАН-ын бүлэг мөн л хуралдааны танхимд орж ирсэнгүй, хэрвээ АН-ын бүлэг, МАХН-МҮАН-ын төлөөлөл, бие даагчид хуралдааныг үргэлжлүүлвэл хууль бус тухай мэдэгдлийг ирүүлсэн байна. Иймд С.Дэжид ИТХ-ын даргын шилжүүлсэн эрхийн дагуу хуралдааныг даргалж Ч.Уранчимэгийн бүрэн эрхийг оролцогчдын 100 хувийн саналаар зөвшөөрч үнэмлэх, тэмдгийг гардуулснаар хуралдаан шуударч 2013 оны аймгийн төсөвт хийх тодотголын тухай илтгэл сонсч хэлэлцэн баталж Засаг даргын мөрийн хөтөлбөрийг ч албан ёсны болголоо.

Дараа нь нэр бүхий 13 төлөөлөгчийн өргөн барьсан шаардлагын дагуу Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулах, эсэх асуудлыг хэлэлцлээ. С.Сүхбаатар нь үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө батлуулалгүй бараг 10 cap болсноос аймгийн ард түмний эрх ашгийг хохироож аймагт хуваарилагдсан олон тэрбумын хөрөнгө ашиглагдаггүй эргүүлэн татагдаж бүтээн байгуулалтын ажил хийгдэхгүй байгаа, хоосон улс төржиж хоёр сумын Засаг даргыг батламжлалгүй Эрдэнэдалай, Өлзийт сумын иргэдийн эрх ашгийг хохироож байгаа, төрийн албан хаагчийг хуулиар олгосон эрх мэдлээ хэрэгжүүлсний төлөө өрөөндөө дуудан зодож танхайрсан зэрэг дөрвөн үндэслэлээр тавьсан шаардлагыг хууль ёсны гэж үзэж С.Сүхбаатарын Засаг даргын үүрэгт ажлаас оролцогчдын 100 хувийн саналаар огцруулж тогтоолыг Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барихаар болов.

Мөн төлөөлөгч Ш.Энхбат  ИТХ-ын дарга С.Буджавыг огцруулах асуудлыг мөн л хэд хэдэн үндэслэлээр тавьсан юм. Төлөөлөгчид уул асуудлыг хэлэлцээд огцруулах шаардлагагүй гэж олонхийн саналаар тогтлоо. Хуралдаан хэлэлцсэн асуудлуудаар тогтоол гаргав.

Зураг