Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Сирийн зүүн хойд хэсгийг Туркийн мэдэлд үлдээж байгаагаа АНУ зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Удахгүй Туркийн арми Сирийн зүүн хойд хэсэгт байлдааны ажиллагаа эхлэх бөгөөд үүнд АНУ ямар ч оролцоогүй болохыг Цагаан ордон сая мэдэгдлээ.

Тус бүс нутагт хоригдож байгаа Исламын улс бүлгийн гишүүдийн хувь заяаг Турк улс дангаар хариуцах гэнэ. Туркийн тал эртнээс Сиритэй залгаа хил дагуу байрласан Курдын дайчдыг цэвэрлэх хүсэлтэйгээ илэрхийлсээр ирсэн юм.

Тэднийг үндэсний аюулгүй байдалд нь заналхийлж байгаа террористууд гэж Анкарагийн эрх баригчид үздэг. Цагаан ордны мэдэгдэлд өгүүлснээр Турк улс энэ нутагт аюулгүй бүс байгуулж, Сирийн хоёр сая хүртэл тооны дүрвэгчийг суурьшуулахаар болсон байна.

Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган нар утсаар ярьсны дараа ийм тохиролцоонд хүрчээ.

“Турк улс удахгүй Сирийн умард хэсэгт удаан хугацаанд төлөвлөж ирсэн ажиллагаагаа явуулах болно. АНУ-ын зэвсэгт хүчин энэхүү ажиллагаанд оролцохгүй бөгөөд Исламын улс бүлгийг нэгэнт дарсан тул дээр дурдсан бүс нутагт цаашид байрлахгүй болно” гэж Цагаан ордны мэдэгдэлд өгүүлсэн байна.

Мэдэгдэлд “АНУ-ын засаг захиргаа Франц, Герман зэрэг Европын орнуудад Исламын улс бүлэгт байлдаж байгаад олзлогдсон иргэдээ буцааж авахыг шаардсан ч тэд хүлээж аваагүй. Тиймээс АНУ тэднийг олон жилийн турш хорьж, татвар төлөгчдийн мөнгийг үрэх хүсэлгүй байна” гэжээ. Өөрөөр хэлбэл сүүлийн хоёр жилийн турш хорьж байгаа Исламын улсын олзлогдогсдыг АНУ хариуцахаа больж, Туркийн талд шилжүүлж байгаа юм байна.

Ийнхүү Сири дэхь Исламын улс бүлгийг устгах ажиллагаанд гол үүрэгтэй оролцож, холбоотон нь байсан Курдын зэвсэгт бүлгийг АНУ-ын засаг захиргаа Туркийн мэдэлд үлдээж байна.

 

Эх сурвалж: BBC