Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Шахмал түлшийг яаж түлэх аргыг нь заасан бол одоогийн нөхцөл үүсэхгүй байсан"

П.Сайнжаргал, IKON.MN
2019 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадоржоос угаарын хордлогын талаар тодрууллаа.

- Хордсон иргэдэд эмнэлгийн тусламжийг хэрхэн яаж үзүүлж байна вэ?

- Эмнэлэгт аравдугаар сарын 02-оос хойш 70 гаруй хүн хандаад байна. Үүнээс 28 хүн эмнэлэгт хэвтээд гарсан. Ингэж гарсаар одоо зургаан хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тодруулбал, “Эх нялхсын төв”-д нэг хүүхэд, “Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв”-д одоогоор таван хүн бий. Харин урд шөнө эмнэлэгт хандаж, зөвлөгөө аваад буцсан хүн байна. 

- Угаарын хийнээс хэрхэн сэргийлэх вэ, Зөвлөгөө өгвөл? 

- Өвлийн бэлтгэлээ хангаж гэрийнхээ яндан, ханынхаа пийшинг хөөлдөг байсан шүү дээ. Мөн шинээр гарч буй сайжруулсан түлшийг хэрхэн яаж зөв түлэх аргыг нь зааж өгвөл зүгээр байсан болов уу. Ерөөсөө л зунаас эхлээд яаж түлэх аргыг нь үзүүлсэн бол одоогийн нөхцөл үүсэхгүй байсан байх. 

- Угаарын хордлогыг дотор нь хүнд, хөнгөн гэж ангилаад байна л даа. Удаан хугацаагаар өөрөө ч мэдэлгүй явсаар уг хордого хүндрэх магадлалтай гэсэн мэдээлэл уншсан юм. Ер нь хүнд, хөнгөн шатандаа ямар шинж тэмдэг илэрдэг вэ ?

- Хөнгөн үед дотор муухай оргиж, огиудас хүрээд толгой эргэдэг. Гэхдээ гуйвж, дайвахгүй зүгээр явна. Хүнд болоод ирвэл бүр явж чадахгүй гуйвж, унтаа байдалд ордог юм. Гэхдээ хоёр цагийн дотор энэ нөхцөл байдлаас гарах юм бол аюулгүй. Харин хоёр цагаас илүү унтсан бол бүр хүндэрч тархинд нөлөөлдөг.

- Нүүрс, түлшнээс гарсан угаарын хий хана юм уу, хувцаст шингээд яваандаа байнга хордлого үүсгэх үү? 

- Тийм зүйл ер нь ховор. Учир нь гадаа гараад л хүчилтөрөгч бий. Өвлийн гурван сардаа түлш, нүүрс түлж байгаад зун нь түлэхгүй. Тийм учраас угаарын хий биед гүнзгий шингэж нөлөөлөхгүй.