Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын үйлчилгээний салбарын ISM индекс хүлээлтээс хол зөрснөөр алт, газрын тосны ханш хүчтэй хэлбэлзлээ

ikon.mn
2019 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр 22:00 цагаас АНУ-ын үйлчилгээний салбарын ISM индекс зарлагдаж өнгөрсөн сард 52.6 нэгжид хүрсэн боловч зах зээлийн хүлээлт болох 55 нэгжээс эрс бага байлаа. Ингэснээр 2016 оноос хойшхи доод хэмжээнд хүрсэн учир зах зээлд багагүй цочироо өглөө. АНУ-ын нийт эдийн засгийн 70 хувийг бүрдүүлдэг үйлчилгээний салбар ийнхүү суларч байгаа нь алтны ханш өсөх, газрын тосны үнэ буурах суурь шалтгаан болсоор байна.

 

Энэ долоо хоногийн эхээр 1,460-д хүрээд байсан алтны ханшийн ийнхүү хэдхэн хоногийн дотор 1,520-ийг шүргэж эргээд 1,508 орчимд хэлбэлзэж байна. Цаашид ханш үргэлжлэн өсөх эсэхэд өнөөдрийн АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүдээс хэрхэн гарахаас ихээхэн хамаарах юм. Өнөөдөр АНУ-ын ажилгүйдлийн түвшин, нэг цагийн ажлын дундаж цалингийн өөрчлөлт, өрхийн орлогын өсөлт гэх зэрэг маш чухал үзүүлэлт зарлагдах ба энэ нь Холбооны нөөцийн сангийн хувьд эдийн засгийн талаарх дүгнэлтээ хийхэд ашигладаг хэд хэдэн хүчин зүйлсийн нэг юм. 

Харин WTI төрлийн газрын тосны хувьд өчигдөр 52.5 ам.доллараас 51 хүртэл буурлаа. Саудын Арабд болсон халдлагаар 63 ам.доллар хүрээд байсан газрын тос хоёр долоо хоногийн дараа ийнхүү 51-ийг хүргэж эргээд 52.7 орчимд хэлбэлзэж байна.

Гадаад худалдааны дайнаас үүдэн АНУ-ын аж үйлдвэрлэлийн салбар агшиж, үйлчилгээний салбарын тэлэлт саарч буйн зэрэгцээ Хятадын эдийн засгийн өсөлт буурч байгаа нь Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийг дэлхийн газрын тосны хэрэглээний өсөлтийн таамаглалаа бууруулахад хүргэж байна. Үүнтэй зэрэгцэн ОХУ болон Ирак улс ОПЕК-оор тохиролцсон үйлдвэрлэлийн квотоосоо бага зэрэг илүүг үйлдвэрлэж байгаа бол АНУ-ын үйлдвэрлэл өссөөр байна. Эдгээр нь дунд хугацаанд ханш буурах суурь шалтгаан болж байгаа бол богино хугацаанд ханш буурахад АНУ болон Ираны асуудал, Иран болон Саудын Арабын харилцаа намжмал байгаа нь нөлөөлж байна. 

 

“АНУ болон БНХАУ нь 10 дугаар сарын 10-11-ний хооронд Вашингтонд уулзаж гадаад худалдааны хэлэлцээрээ үргэлжлүүлэх юм. Уулзалтаар эерэг үр дүн гарвал газрын тосны ханш өсөх, алтны ханш буурах сэжимийг зах зээлд өгч ханшууд он дуустал тухайн чиглэлдээ хөдлөх магадлал нэмэгдэнэ. Харин үр дүнд хүрэхгүй бол одоогийн чиглэлдээ үргэжлэн хөдлөх юм. Иймд тухайн үйл явдалтай уялдуулан эрсдэлээ сайтар тооцох”-ыг Голомт банкны Гадаад Арилжааны Албанаас онцолж байна.

Нэмэлт мэдээлэл: Гадаад зах зээлийн талаар илүү их мэдээлэл, мэдлэгтэй болохыг хүсвэл 99664477 утсаар холбогдож жагсаалтанд бүртгүүлээрэй. Ингэснээр та тогтмол мэдээлэл, судалгааг хүлээн авч зах зээлтэй хөл нийлүүлэн алхах болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.