Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Цаасан дээр л хэрэгждэг тамхины хууль

Х.Доржпалам, Үндэсний шуудан
2019 оны 10 сарын 4
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

100-н айл уруудан алхсаар монгол III сургуулийн үүдэнд ирлээ.

Хэдийнээ намрын сэрүүн орж хүйтэн салхи хацар хайраад эхэлжээ. Сурагчийн дүрэмт хувцастай 4-5 хүүхэд тус сургуулийн урд талын автобусны буудал даган байрласан ТҮЦ-ийн дэргэд тамхи татан зогсож байв. Тэд IX-X ангийн хүүхдүүд бололтой. Энэ хавиар зөрөн өнгөрөх хүмүүс ч гартаа тамхи зуусан харагдана. Уг нь хойхно нь 100 метр хүрэхтэй үгүйтэй газар ерөнхий боловсролын сургууль бий.

Хичээл нь тарсан, хичээлдээ яарсан байдалтай холхих хүүхдүүд тамхи зуужээ. Хүүхдүүд гэлтгүй хөгшид, залуус, охидууд хүртэл тамхи татаж харагдана. Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр хууль нь хэрэгжихгүй байгаагийн хамгийн тод жишээ энэ.

Уг нь бол манай улсад тамхины тухай хууль хэрэгжиж эхлээд зургаан жил гаруй болж буй. Хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллага хүртэл бий. Тамхины хяналтын тухай хуулийн ес дүгээр зүйлд утаат тамхи татахыг хориглосон газруудыг тодорхой заасан байдаг.

Тодруулбал, олон нийтийн газар, сургууль, цэцэрлэг, орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газарт тамхи татахыг хориглодог. Үүнд хяналт тавих ёстой хүмүүс нь цагдаагийн алба хаагч нар. Гэвч хэний ч нүдэнд ил, хууль зөрчсөн энэ үйлдэлд хяналт тавьж байгаа нэг ч хүн алга. Тэр байтугай ойролцоох ТҮЦ-үүдэд тамхи ширхэглэн зарж байв.

Энэ хуулийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж байгааг МХЕГ-аас тодруулахад “Манай байгууллагаас аж ахуйн нэгж болон ТҮЦ-үүдэд хяналт шалгалт хийхдээ албан бичиг явуулдаг. Албан бичгийнхээ хүрээнд шалгалт хийнэ. Тэрнээс биш худалдаа эрхэлж буй газруудад гэнэтийн шалгалт хийдэггүй. Мөн хяналтыг тодорхой удирдамжийн дагуу хийдэг, ямар нэгэн эд зүйлийг онгойлгож нэгжлэг хийх эрхгүй.

“ТҮЦ-үүдэд тамхи зарж байна” гэсэн гомдлын дагуу шалгахад зөрчил илэрдэггүй. Хэрвээ илэрсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу худалдаалж байсан тамхийг хураана. 21 нас хүрээгүй хүнд архи, тамхи худалдаалахыг хориглодог. Үүнд тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан сум, дүүргийн Засаг дарга, цагдаа нар хяналт тавих ёстой.

Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүн мэдээ гараагүй байгаа. 2019 оны гуравдугаар улирлын дүн мэдээг нэгтгээгүй байна. Өмнөх жилүүдийн зөрчил мэдээг өгөх боломжгүй” гэх хариултыг өгөв. Биднийг МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны орчимд очиход автобусны буудалд байрлах ТҮЦ-үүдээс тамхи ширхэглэн худалдан авч байгаа залуус олон байлаа.

Залуус тамхиа татаад, ишийг нь гудамжинд хаяж, шүлсээ нулимж байгаа нь харагдана. Эндээс холгүйхэн ШУТИС, “Өргөө” кино театр бий. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хэсэг хэсгээрээ тойрон зогсоод тамхилах залуусын цуваа эндээс МУБИС хүртэл үргэлжлэх аж.

Сургууль, цэцэрлэгийн ойролцоо тамхи татахыг хориглосон хуулийн заалт хэрэгжихгүй байгаа нь хэн ч харсан илт. Цааш Санхүү эдийн засгийн дээд сургууль дээр очиход мөн л ялгаагүй дүр зураг угтав. Залуус Арслантай гүүрний дэргэд задгай наймаа эрхэлж буй эмэгтэйгээс бохь, чихэр зэргийг худалдаж авч байв. Түүнчлэн худалдан авагч эмэгтэй гудамжаар алхах хүмүүсийн нүдийг хариулж байгаад цүнхнээсээ тамхи гарган зарах аж.

Биднийг 15 минут хэртэй ажиглаж зогсоход ойролцоогоор 20-30 хүн тамхи ширхгээр авав. Зарим нь бүр худалдагч эмэгтэйгээс гал асууж, тамхи асаалгаж харагдлаа. Тамхины иш ч газар сайгүй хөглөрнө.

Татсан тамхиныхаа ишийг гудманд хэнэг ч үгүй хаях 20 гаруй насны эмэгтэйд зориулалтын тамхи татах, ишээ хогийн саванд хийхийг сануулахад “Чамд ямар ч хамаагүй. Би эрх чөлөөгөө эдэлж явна. Хүний хэрэгт юун дуртай юм” хэмээгээд явж одов.

Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш тус хуулийн хэрэгжилтийг хангахад зориулж багагүй хөрөнгө зарцуулсан байдаг. Тухайлбал, 2015 онд 300 гаруй сая төгрөгөөр нийслэлд тамхи татах 20 цэг байгуулсан байдаг. Энэхүү бүтээн байгуулалт хэр “байгаа” оносныг сурвалжлахаар Төмөр замын Вокзал дээрх тамхи татах цэгт очлоо. 13:00 цагт вокзалын автомашины зогсоолын баруун урд талын 3x4 харьцаатай шилэн хоргонд ганц ч хүн байсангүй.

Гэсэн атлаа гудамжаар хаа сайгүй тамхи татсан хүмүүс холхих аж. Тамхи татахад зориулагдсан ямар ч агааржуулалт байхгүй бөгөөд тоос шороо тунарах аж. Тамхи татах цэгийн яг хажууханд тамхи татах хүмүүсээс яагаад тамхи татаж байгааг асуухад, “Тамхи татах цэгт ороход хүндрэлтэй. Маш бохир орчинтой, тамхи татах байтугай ороход ч хүндрэлтэй.

Тэнд ороход гишгэх газар олдохгүйн дээр агааржуулалтгүй учраас хувцсанд тамхины үнэр шингэдэг. Энэ газруудыг ер нь нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр дом төдий хийсэн. Би таксинд явдаг жолооч болохоор энэ хавиар их эргэлдэнэ. Анх байгуулагдахад нь хүмүүс их ордог байсан. Цагдаа нар ч сайн шаардлага тавьдаг байлаа. Гэвч Монголын хууль гурав хоног гэгчээр тэгсхийгээд л хараа хяналт нь суларч хүмүүс дуртай газраа татах болсон” гэв.

Тус газрын галт тэрэгний тасалбар худалдаалах байрны үүдэнд хүмүүс ачаа бараатай зогсоно. Тэдэн дунд нь тамхи татсан цөөнгүй хүн байх. Тус газраар цагдаа нар эргэлдэх ч тэднийг тоосон шинжгүй, харсан ч хараагүй юм шиг явах нь тамхины хяналтын тухай хууль байдаг эсэхэд эргэлзэхэд хүрнэ.

Тасалбар худалдаалах байрны гадаа тамхи татан зогссон залуугаас мөн л зориулалтын газар тамхи татахгүй байгаагийн шалтгааныг асуухад “Тийм газар байдаг юм уу. Би лав мэдэхгүй юм байна. Би Эрээнээс бараа татаж зах дээр худалдаалдаг. Тиймээс галт тэргээр дандаа зорчдог л доо. Энд тамхи татаж байгаад торгуулсан удаа бий.

Гэхдээ тамхи татсан гэж биш татсан тамхиныхаа ишийг хаясан гээд 10,000 төгрөгөөр торгуулж байсан” гэсэн юм. Тамхины хяналтын тухай хуульд зааснаар хориглосон газарт тамхи татвал иргэнийг 50 мянга, тамхи татах нөхцөл бололцоог бүрдүүлсэн тухайн байгууллагын удирдах ажилтан, аж ахуйн нэгжийн эзнийг 1.5-3 сая төгрөгөөр торгох ёстой.

Харин харин албан байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно гэж заасан. Гэтэл хууль бүрэн дүүрэн хэрэгжих бололцоог цалгардуулж байгаа хүмүүс нь хуулийн байгууллагын алба хаагч нар өөрсдөө бололтой.

2015 онд баригдсан 20 гаруй тамхины цэгийг 300 сая төгрөгийн хөрөнгө зарцуулсан. Тамхи татах нэг цэгийг дунджаар 15 сая төгрөгөөр барьсан гэсэн үг. Энэ нь нэг иргэн хашаандаа байшин бариад суучих хэмжээний мөнгө юм. Гэтэл тийм хэмжээний мөнгөөр айлын амбаар шиг шилэн хорго барьчихаад тамхи татах цэг гэж байгаа нь харамсалтай. Дотроо агааржуулалт байхгүй энэ газрууд золбин нохой, муурын үүр болоход ойртжээ.

Судалгаагаар тамхи татдаг хүмүүсийн ихэнх нь явж байхдаа татдаг” гэсэн байна. Тиймээс тамхи татах цэгт хүн бараг орохгүй гэсэн үг.

Олны хөлд дарагдан байдаг “Өргөө” кино театрын ойролцоо байрлах Тамхи татах цэгийг зорилоо. Бидний очиход хэдийнээ 18:00 цаг болсон байв. Тиймээс хөл хөдөлгөөн ихтэй, байв. “Өргөө” кино театрын автобусны буудлын эргэн тойрон тамхичдаар дүүрчээ. Тамхины хяналтын тухай хууль 2012 онд батлагдаж, 2013 оны нэгдүгээр сараас хойш хэрэгжиж эхлээд зургаан жилийн нүүр үзжээ.

Төдийгөөс өдий хүртэл хэрэгжилт ямар байгааг бид сурвалжиллаа. Иргэд “Хууль батлагдсан эхний хэдэн cap сайн хэрэгжсэн боловч сүүлдээ Монголын хууль гурав хоног гэдэг нь болсон” хэмээж байна.

Зураг