Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатархүү: Бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан учраас Г.Ганхуягийг цагдан хорьсон

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Монгол Улсын харцага Г.Ганхуягийг цагдан хорьсныг эсэргүүцсэн иргэд, төрийн бус байгууллагын төлөөллүүд олон нийтэд хандсаар байгаа билээ.

Тэгвэл "Босоо хөх Монгол" ТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг ямар шалтгаанаар цагдан хорьсон болохыг цагдаагийн байгууллагаас тодрууллаа.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн даруйдаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл нийтэлсэн байсан. Тэрбээр "ТББ-ын явуулж байгаа тэмцлийг таслан зогсоох үүднээс цагдаагийн байгууллага шалтаг хайж, трансжендер хүмүүстэй холбоотой хэрэгт шалгаж байна, үүний цаана улстөрчид байгаа" гэх ташаа мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэсэн байсан. 

Цагдаагийн байгууллага хэн нэгэн улстөрчийн захиалгаар хүнийг хэрэгт холбогдуулан шалгадаг байгууллага биш. 

Трансжендер иргэдтэй холбоотой хэргийн тухайд хохирогч Д цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Айлган сүрдүүлж, дарамталж, эд хөрөнгө нэхсэн баримттай зүйл байсан учраас уг гомдлыг үндэслэлтэй байна гэж үзээд шалгаж байгаа. Г.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 17.6-д заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгалтын ажиллагаа явуулж байна.

Уг зүйл анги нь “бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц баримт, мэдээллийг тараахаар сүрдүүлсэн бол 15-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ" гэсэн заалттай. 

Г.Ганхуягийг иргэний гомдлын дагуу шалгаж, прокурорт танилцуулаад, эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан" гэлээ.