Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Сүмогийн фэн агсан Жак Ширакыг япончууд санан дурсаж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Франц улсын ерөнхийлөгч асан Жак Ширак 86 насандаа таалал төгссөн билээ.

Иракийн дайнд Франц улсыг оролцуулахыг хатуу эсэргүүцэж, Европын нэгдэл нягтралд хувь нэмрээ оруулсан зэрэг гавьяаг нь францчууд өнөөдөр дурсаж байна. Харин япончуудын хувьд энэ хүн сүмо бөхийн “улаан фэн” гэдгээрээ дурсагдаж байгаа юм.

Дэлхийн улс орнуудын удирдагчдаас Японы үндэсний бөхийн спортыг хамгийн сайн мэддэг, үзэх дуртай хүн Жак Ширак байв.

Тэр бүр өөрийгөө сүмо бөх болох боломжийн талаар ярьж байжээ. 1998 онд өгсөн ярилцлагадаа Ширак “Хэрвээ би залуугаасаа хичээллэж эхэлсэн бол сүмо бөх болох байсан биз. Би хангалттай өндөр нуруутай, жингийн хувьд мэдээж нэмэх боломжтой…” хэмээн ярьж байсан юм.

“Гэнэтийн эмгэнэлт мэдээ намайг цочроолоо. Түүний хойноос гүнээ эмгэнэн гашуудаж байна” гэж Японы Сүмогийн Холбооны ерөнхийлөгч, ёкозуна асан Хаккаку мэдэгджээ.

 

“Алдартай хүмүүс сүмогийн барилдааныг олон удаа үзэж байсан. Тухайлбал ханхүү Чарьлз, Диана гүнж гэх мэт. Гэхдээ Ширак шиг сонирхож үздэг, их мэдлэгтэй хүн маш ховор байсан” хэмээн NHK сувгийн сүмо тайлбарлагч Марк Шиллинг дурсаж байна.

Баасан гарагт Японы Асахи сонин Жак Ширакт зориулсан эмгэнэл нийтэлжээ. Уг эмгэнэлд “Японы эртний болон дундад зууны урлаг, уран зохиолын гүнзгий мэдлэгтэй тэрээр энэ салбарын экспертүүдийг ч гайхшруулдаг байлаа” гэж бичсэн байна.

 

Жак Ширак 1970-аад оны үед Япон оронд анх удаа зочилсноосоо хойш амьдралынхаа турш нийтдээ 50 гаруй удаа иржээ.

Ширакын шадар хүмүүс сүмогийн тэмцээний дүрсийг бичиж аваад Францын телевизээр цацагдахаас нь өмнө түүнд үзүүлдэг байсан, өдөр бүрийн барилдааны үр дүнг Токио дахь Францын элчин сайдын яам Парист мэдээлдэг байсан гэдэг.

Ширак Парис хотын дарга байхдаа 1986 онд анхны сүмогийн тэмцээнийг нийслэл хотдоо зохион байгуулж, Японы мэргэжлийн тамирчдыг урьж ирүүлж байжээ. Дараа нь 1995 онд тэр хоёр дахь удаагаа сүмогийн тэмцээнийг Парист зохион байгуулж байв.

Улмаар Ширак ерөнхийлөгч байхдаа 2000-аас 2007 оны хооронд Францын ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг түрүүлсэн бөхчүүдэд гардуулдаг байжээ.

Гэвч түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалаас буусны дараа энэ уламжлал тасарсан байна. Ширакыг залгамжлагч Никола Саркози сүмо бөхийн талаар тэс өөр үзэлтэй байсан нь үүнд нөлөөлжээ.

“Гэзгээ чанга боосон тарган залуусын тулаанд ямар хүн дурладаг байна аа? Сүмо бол үнэндээ оюун ухаантнуудын спорт лав биш” гэж тэр хэлж байв.

Хамгийн сүүлд 2005 онд Осакагийн сүмогийн ордноос Жак Ширакыг гарч явахад үзэгчид бүгд босож, нижигнэтэл алга ташаад “Шираку, Шираку” хэмээн уухайлцгааж байснаас япончууд сүмогийн фэн Францын ерөнхийлөгчийг хэр их хүндэлдэг байсан нь харагдаж байна.

 

Эх сурвалж: AFP