Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийгөө болон Консул асан Д.Мөнх-Эрдэнийг шалгуулах хүсэлтээ АТГ-т өгчээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, Монгол Улсаас Хөх хотод сууж байсан консул асан Д.Мөнх-Эрдэнийн ярьсан зүйлд хариу тайлбар хийгээд АТГ-т шалгуулах хүсэлтээ гаргаж буйгаа мэдэгдлээ.

Консул асан Д.Мөнх-Эрдэнэ нь энэ долоо хоногийн эхээр NTV телевизийн “Улаан бал” нэвтрүүлэгт оролцохдоо УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон түүний төрөл төрөгсдийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хэмээн ярьсанд тэрбээр тайлбар хийхдээ “Энэ хүн намайг хятадуудтай танилцуулж өгөөрэй гэсэн хэмээн гүтгэлэг тарааж байна.

2017 онд миний бие болон УИХ-ын гишүүн Л.Болд, Я.Санжмятав нар Хөх хотод Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцсон. Энэ үеэр монгол, хятадын 1,000 гаруй компанийн төлөөлөлтэй уулзсан. Монголын бизнес эрхлэгчдийг дэмжиж, хамтран ажиллаарай гэж хэлсэн. Энэ бол Монгол Улсын Засгийн газраас бидэнд өгсөн үүрэг даалгавар юм. УИХ-ын гишүүн хүн гадаад харилцааг сайжруулах, гадаад худалдааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах ёстой.

Д.Мөнх-Эрдэнэ “монголыг дэмжээрэй” гэсэн үгийг маань Батзанданг дэмжээрэй гэж ойлгосон бололтой" гэв.

Мөн тэрбээр уг мэдээллийг хийх үедээ Д.Мөнх-Эрдэнэ өөрт нь авлига өгөхийг завдсан талаар мэдэгдлээ.

Иймд АТГ-т нэгдүгээрт, өөрийгөө болон ах, дүүсээ шалгуулах, хоёрдугаарт, Д.Мөнх-Эрдэнийн хахууль өгөх гэсэн үйлдлийг шалгуулах хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдэв.