Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан ордон Дональд Трампын ярианы тэмдэглэлийг нуун дарагдуулахыг оролдсон нь батлагдав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярихдаа өөрийн улс төрийн өрсөлдөгчтэй холбоотой гэгддэг хэргийг шалгуулах хүсэлт тавьсан нь илчлэгдээд байгаа.

Тэрээр зорилгоо гүйцээхийн тулд АНУ-аас Украинд үзүүлэх гэж байсан зэр зэвсгийн тусламжийг зориуд саатуулж, барьцаалсан гэгдэж байна.

Конгрессын мөрдөн шалгах хорооны шаардлагаар Цагаан ордон Лхагва гараг Трамп, Зеленский нарын ярианы тэмдэглэлийг анх удаа ил болгосон билээ.

Тэгвэл өчигдөр Трампын зохисгүй үйлдлийн талаар хууль зүйн яаманд гомдол гаргасан тагнуулын ажилтны өргөдлийг мөн ил болгожээ.

Өргөдлийг АНУ-ын Тагнуулын Төв Газрын нэгэн албан хаагч гаргасан байна. Тэрээр нэг хэсэг Цагаан ордонд ажиллаж байсан бөгөөд энэ үеэрээ бусад албаны хүмүүсээс Трамп “2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд гадаадын улс орноор нөлөөлүүлэх зүйлийг албан тушаалаа ашиглан үйлдэж байна” гэсэн мэдээллийг аваад гомдол гаргахаар шийдсэн гэнэ.

Нэрийг нь нууцалж байгаа мэдээлэгч Трамп, Зеленский нарын ярианы тэмдэглэлийг авч үзэхийг оролдсон ч Цагаан ордон уг баримтыг сүлжээнээс тусдаа ажилладаг салангид компьютерт хадгалсныг олж мэдсэнээ бичжээ.

Өөрөөр хэлбэл Цагаан ордны албаныхан Трампын яриа хууль бус гэдгийг мэдэж байсан тул нуух оролдлого хийсэн байж болзошгүйг уг мэдээлэл харуулсан юм.

Зеленскийтэй утсаар ярихдаа Трамп 2020 оны сонгуульд өөртэй нь өрсөлдөх магадлалтай байгаа дэд ерөнхийлөгч асан Жо Байден болон түүний хүүтэй холбоотой дуулианыг шалгаж өгөхийг хүссэн байна.

Тэрээр энэ ярианаас хэдхэн хоногийн өмнө Украин улсад АНУ-аас үзүүлэхээр бэлэн болоод байсан $400 саяын зэр зэвсгийн тусламжийг түр зогсоогоод байжээ.

Украины ерөнхийлөгчид шахалт үзүүлэхийн тулд тусламжийг барьцаалаагүй гэдгээ Трамп мэдэгдээд байгаа.

Трампын энэ үйлдэл нь АНУ-ын сонгуулийн хуулийг зөрчсөн байж болзошгүй тул конгрессын төлөөлөгчдийн танхим импичмэнтийн ажиллагааг эхлүүлээд байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider