Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Пүрэвбаатар: Зарим түрээслэгч өлсгөлөн зарлах хүсэлтээ өгч байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дүнжингарав худалдааны төвийн түрээсийн үнийг нэмсэнтэй холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийлээ.

Дүнжингарав худалдааны төвийн түрээсийг нэмснээс болж бүх юмны үнэ нэмэгдэнэ

 
Гэрэл зургийг Mpa.mn

Улсаа аврах ард түмний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар “Дүнжингаравын түрээсийг үндэслэлгүйгээр хоёр дахин нэмсэн. Дүнжингарав худалдааны төвийн түрээсийг нэмснээс болж Монгол Улсын хэмжээнд бүх юмны үнэ нэмэгдэнэ.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдүүлэхэд хүргэсэн тус худалдааны төвийн эзэд эрүүгийн хариуцлага хүлээх ёстой.

Миний тооцоолсноор түрээсийн нэмэгдлээс нэг тэрбум гаруй төгрөг босно. Үүнийг УИХ ээлжит бус сонгуульд зориулах зорилготой гэж ойлгож байна.

Энэ асуудал улам хүндрээд байгаа учраас бид өлсгөлөнгийн хэлбэрт шилжинэ” гэлээ.

Дүнжингаравын худалдааны төвийн түрээслэгч нартай нийлж өлсгөлөн зарлана

Баянгол дүүргийн худалдаа эрхлэгч Д.Цэцэгээ “Дүнжингаравын түрээсийн үнэ нэмэгдсэнээр бусад газруудын ч түрээсийн үнэ нэмэгдэх эрсдэл үүсээд байна. Түрээс нэмэгдвэл иргэдийн амьдрал улам доройтох болно.

Тиймээс би Дүнжингаравын худалдааны төвийн түрээслэгч нартай нийлж өлсгөлөн зарлана” гэсэн юм.

Энэ асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй

Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгч Ж.Сүхбат “Түрээс нэмсэн асуудлыг төрийн байгууллагууд 30 хоногт багтаан шийдвэрлэнэ гэсэн. Хоёр, гуравхан хоног эсвэл 2,3 цагийн дотор шийдчих асуудлыг хуульд 30 хоног гэж заасан гэх мэтээр уяад байж болохгүй.

Ингэж иргэдийнхээ хүсэлтийг цалгардуулж аргыг нь барж, ядраах хэрэггүй. Энэ асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй” гэв.

Би ард түмэндээ үнэтэй бараа зарж, халаасыг нь хоосолмооргүй байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгч Д.Пүрэвбаатар “Дүнжингарав худалдааны төвийн нэг метр квадрат талбайн түрээсийн үнэ өмнө нь 86,500 төгрөг байсан бол одоо 167,000 мянган төгрөг болчхоод байна.

Гэтэл хотын төвд байдаг "Шангри-Ла"-гийн оффисын нэг метр квадратын түрээс 43 мянган төгрөгийн үнэтэй байна. Хотын төвийн газраас ч өндөр үнэтэй байж болох уу.

Түрээсийн үнэ нэмэгдсэнээр бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Би ард түмэндээ үнэтэй бараа зарж, халаасыг нь хоосолмооргүй байна.

Зарим худалдаачид өлсгөлөн зарлах хүсэлтээ өгч байна. Бид аль болох өлсгөлөн зарлуулахгүйг хичээсэн. Албан ёсоор өлсгөлөн зарлах хүсэлтэй есөн хүн байна.

Өлсгөлөн зарласнаар тухайн хүмүүсийн эрүүл мэндэд маш их хохирол учрах болохоор бид өлсгөлөн зарламааргүй байна” гэлээ.