Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

ӨДӨРЛӨГ: Төв талбай дээр очиж цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлөх боломжтой

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрчим хүчний яамны нээлттэй өдөрлөг төв талбайд өнөөдөр зохион байгуулагдаж байна.

Тус өдөрлөгт эрчим хүчний салбарын харьяа төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 36 үйлдвэр, компани оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж байгаа юм. 

Үүний хүрээнд эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төслүүд болон цахилгаан халаагуур тоног төхөөрөмжийг танилцуулж, эрчим хүчний үнэ тариф, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаа, цахилгаан, дулааны техникийн нөхцөл, эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл, эрчим хүчний салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх зэрэг цогц мэдээлэл өгөх зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа юм.

Тухайлбал, иргэд цахилгааны төлбөрөө төв талбайг зориод тушаах боломжтой.

 
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Маркетингийн албаны дарга Б.Мөнх-Эрдэнэ “Өнөөдөр бид үзүүлж буй үйлчилгээгээ нэг цэгээс хүргэхээр ажиллаж байна. Үүнд хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоог хураан авах, хэрэглэгчийн өргөдөл, гомдол, хүсэлт, ажлын  захиалга авах, техникийн нөхцөлтэй холбоотой мэдээлэл зөвлөгөө олгох, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс дэх гэр хорооллын 42 мянган өрх цахилгаанаар халаалтаа шийдэх техникийн боломжтой болсон талаар танилцуулах, хоёр тарифтай тоолуураа танилцуулах зэрэг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээгээс үзүүлдэг бүх үйлчилгээгээ үзүүлж байна” гэв.

Хэрэглэгчид цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж буй эх үүсвэрүүддээ дэмжих тариф төлдөг
 
Гэрэл зургийг MPA.mn

Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ тариф, зах зээлийн газрын дарга  Б.Болор-Эрдэнэ "Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нарны станцыг үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчний үнэ, салхины станцыг үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчний үнийг тогтоосон байдаг. Сэргээгдэх эрчим хүчний үнийг төгрөгөөр илэрхийлбэл салхиных 210-250 төгрөг, нарных 400-480 төгрөг байгаа. Үнийн зөрүүг нь дэмжих тарифаар нөхөн олгох хуультай.

Иймд хэрэглэгчид цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж буй эх үүсвэрүүддээ дэмжих тариф төлдөг. Сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифаар цугладаг орлогын эх үүсвэр нь эх үүсвэрүүд болох, салхи, нарын станц руугаа л очдог" гэлээ. 

Түүнчлэн Эрчим хүчний яамнаас “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр” /2018-2023/-ийг  боловсруулж Засгийн газрын тогтоол гарган ажиллаж байна. Мөн салбарын болон хэрэглэгчдийн хувьд тодорхой хүндрэл учруулж байсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулж асуудлыг бүрэн шийдсэн гэдгээ өдөрлөгийн үеэр онцолсон. 

Мөн Дарханы дулааны цахилгаан станцын 35 мегаваттын өргөтгөлийн ажил дуусч туршилтаар сүлжээнд залгаад байгаа бол Улаанбаатар-Мандалговийн 330 киллвольтын 250 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, хоёр дэд станцын ажлыг дуусгажээ.

Өдөрлөгийн үеэр мэдээлэл, үйлчилгээ авч буй иргэдийн дийлэнх нь цахилгаан, дулааны эрчим хүчний хангамж, төлбөр, тооцоо болон үнэ тарифтай холбоотой санал, хүсэлт гаргаж байсан юм.

Өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа 10:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ.