Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

П.Сувданчимэг: Сэтгэлзүйн хэрэгцээг нь ойлгож харилцдаг гэр бүлд хүүхдийн EQ чадвар хөгждөг

ikon.mn
2019 оны 9 сарын 24
iKon.MN

Хүүхдүүд том болоод аз жаргалтай, амжилттай амьдрахад ямар боловсрол чухал вэ? Мэдээж бид сургуульд оруулаад тоо бодуулж уншуулж бичүүлээд л байвал сайхан амьдарна гэж өөрсдөө итгэж хүүхдүүддээ ч итгүүлэхийг хичээдэг. Гэтэл мэдлэг нь тухайн хүүхдийн санаачлага, бүтээлч сэтгэлгээнд суурилах хэрэгтэйг ойлгуулалгүй дангаар нь цээжлүүлэх дүр эсгэсэн боловсрол гэж хэлэгдэхүйц дүгнэлтэнд хүрэх болжээ. Учир нь хүүхдүүдийн ирээдүйн амьдралын чанар нь цээжээр тоо бодохоос илүүтэйгээр тухайн хүүхдийн EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, Нийгмийн харилцаа, зорилго ба тууштай байдлаас нь хамаарч байгаа тухай эрдэмтдийн судалгааны дүнгүүд анхаарал татна. Тиймээс энэхүү чадваруудын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхийг энэ удаагийн ярилцлагаараа зорилоо.

 “Q Education group”-ийн Хүүхдийн сэтгэл судлаач П.Сувданчимэг

 

-IQ гэх ойлголтыг Монголчууд чухалд тооцоод удаж байна. Тиймээс ч энэ төрлөөр хүүхдээ хичээллүүлэх сонирхол их байдаг. Гэтэл одоо EQ гэх шинэ ойлголт гараад ирлээ. Юугаараа ялгаатай юм бэ?

Хүүхдүүд одоогийн боловсролын системийн итгэл үнэмшлийн ачаар IQ өндөртэй болж байгаа хэдий ч зөвхөн оюуны чадамж нь тэдний ирээдүйн амьдралын аз жаргал, амар амгалан амжилт бүхнийг бий болгож чадахгүй байгааг хүлээн зөвшөөрөх цаг нь болжээ. IQ мэдээж чухал чадвар. Энэ нь аливаа зүйлийг тооцоолон бодох оюун ухааны чадвар юм. Гэхдээ EQ буюу өөрийн чадвараа ашиглах, бусдад өөрийгөө зөвөөр ойлгуулах, бусдын сэтгэл хөдлөлийг хүлээж авах, зорилгоо тодорхойлж түүндээ хүрэхийн тулд тууштай хичээж чадах сэтгэлийн чадваргүй бол ирээдүйд амжилтад хүрэх боломжгүй болж хувирдаг.

Ер нь аливаа шинжлэх ухааны ололт гэдэг олонд түгэн түгээмэл хэрэглээнд нэвтрэхэд  50  хүртэлх жил шаарддаг гэдэг л дээ. IQ буюу оюун ухааны чадвар гэх ойлголтыг нээснээс хойш 1990-2000 онд их зонхилсон бөгөөд үүнийг чухалд тооцохын томоохон шалтгаан нь аж үйлдвэржилтийн үе байсан юм. Тухайн үед шинийг сэтгэдэг, юмны учир шалтгааныг олох чадвартай, машин техник сайн мэддэг хүмүүс IQ өндөртэй байж ажлын бүтээмжид сайнаар нөлөөлдөг байж. Харин одоо эрин зуун өөрчлөгдөж шинийг сэтгэхээс гадна түүнийг хэрхэн өндөр бүтээмжтэйгээр байлгах уу? гэдэг дээр анхаарах шаардлагатай болчихсон. Шинэ сэтгэлгээ гэхээсээ илүү  яг одоо байгаа адилхан санаатай маш олон компаниудаас ялгарахын тулд тэдгээрээс илүү хялбар аргаар илүү бүтээмжийг гаргах, мөн найрсаг халуун дулаан харилцаа, орчинд төвлөрөх болж хувирсан.

Байгууллагын зөв соёл, хүний зөв зан чанар, халуун дулаан харилцаа, тухайн байгууллагадаа сэтгэл ханамжтай байдал нь ажлын бүтээмжид маш их нөлөөлдөг болохыг ч сүүлийн үеийн олон судалгаа харуулсаар байна.

Тэгэхээр хүмүүсийг бүтээмжтэй байлгаж чаддаг удирдагч, мөн харилцан сэтгэл ханамжтай байх харилцааны чадамжтай ажилчин, тийм орчин чухал болоод байна. Үүнийг бий болгогч EQ буюу сэтгэл хөдлөлийн оюун ухааны чадварын тухай анх олны анхаарлыг татан гаргаж ирсэн Daniel Goleman хэмээх эрдэмтэн байгууллагын соёлыг судлаад, ажлаа хийж буй хүмүүс амжилтад хүрч тушаал дэвшихэд чухам юу нөлөөлж байна вэ?, нөлөөлж буй зүйл нь “IQ” мөн үү гэтэл биш болох нь тогтоосон байдаг.

-Энэхүү судалгааны талаар дэлгэрүүлбэл?

Тэрээр Харвардын Их Сургууль төгсөгчдийн дундах ажил эрхлэлтийн байдал болоод удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудын дунд сэтгэл хөдлөлийн оюун ухааны судалгааг явуулсан байдаг. Судалгааны дүнд удирдах албан тушаалтнуудын 90 хувь нь EQ өндөртэй гарсан бөгөөд энэ нь өөрийгөө болоод бусдыг ойлгох, өөрийгөө идэвхжүүлэх, сэдэлжүүлэх гэх зэрэг EQ-ийн үндсэн чадварууд хөгжсөнтэй холбоотой гэсэн үг юм. Харин гүйцэтгэх албан тушаалтнуудын 80 хувь нь EQ чадвар доогуур гарсан байдаг. Эндээс сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь ажил карьерийн хувьд амжилт бүтээлтэй байх, хамт олонч уур амьсгал бүрдүүлж чадах гэх зэргээр нөлөөлөгч болдог нь харагдаж байгаа юм. Энэ бүхнийг ажил амжилт дээрх судалгааны жишээгээр одоо ярьж байгаа хэдий ч гэр бүлийн эрүүл харилцаа, хувь хүний аз жаргалын түвшин гээд бүгдэд энэ хамааралтай шүү дээ. Эндээс эргээд харвал аз жаргалтай хүний асуудлыг шийдвэрлэх чадвар өндөр байх жишээний.

EQ гэдгийг сэтгэл хөдлөлийн оюун ухаан гэж та түрүүн хэлсэн шүү дээ. Тэгвэл энэ оюун ухаан нь шинжлэх ухааны үүднээс хэрхэн тодорхойлогдож бидний тархи оюуны хувьд хаана ямар арга замаар үүсч хөгжиж байдаг талаар ойлголт өгвөл? 

Сэтгэл хөдлөлийн физиологи үндсийг судлахад тархи судлаачид чухал хувь нэмэр оруулсан байдаг л даа. Сэтгэл хөдлөлийн үүднээс аваад үзвэл хүний тархийг бага, дунд, их тархи гэсэн 3 хэсэгт хуваан ойлгодог. Үүний хамгийн дотор хэсэгт бага тархи байрладаг бөгөөд энд ирсэн мэдээлэл нь бидний биеийн зохицуулалтыг хийж байдаг. Бага тархийг хичнээн хөгжүүлье гээд хөгжүүлж чадахгүй юм. “За зүрхээ хөгжүүлээд, минутанд нэг цохилдог болгочихъё, халууцаад байх юм, хөгжүүлээд халууцахаар хөлөрдөггүй болгоно оо” гэх ойлголт байхгүй.

Харин их тархи бол бидний хэлж заншсан IQ-г хариуцдаг хэсэг юм. Бидний сэтгэн бодох, шийдвэр гаргах, нөхцөлүүдийг харгалзаж үзэх, математик, механик сэтгэлгээ гээд бүх зүйл гадна буюу их тархинд болж байдаг. Өөрөөр хэлбэл, шинэ мэдээллүүд хуримтлагдаж, ойлголтууд хадгалагдаж байдаг хэсэг юм. Харин түүний дотор талын хэсэг буюу дунд тархи бол бидний сэтгэл хөдлөл /emotion/ үүсдэг хэсэг юм. Гадаад орчны мэдээлэл бидний бага тархинаас эхлэн дамжиж их тархи хүртэл явдаг. Бага тархинд очиж байгаа мэдээлэл бидэнд удирдагдахгүйгээр бие хариу үйлдэл үзүүлж, бодисын солилцоо, зүрхний цохилт явагддаг гэдгийг урд дурдсан. Харин гадны мэдээлэл дараагийн тархи буюу дунд тархинд очиход бид юу вэ? гэдгийг таньж мэддэг. Үүний үр дүнд бидний бие ямар хариу үйлдэл үзүүлбэл тохиромжтойг сануулсан гормоныг ялгаруулдаг. Тэрхүү ялгарсан гормоны дохиогоор бид бүхэн гадаа ямар нэг зүйл болохгүй байна гэдгийг уур бухимдал гэх жишээний сэтгэл хөдлөлийн дүрээр хүлээн авдаг. Үүнийг илүү сайн ойлгохын тулд дунд тархи бүрэн хөгжөөгүй амьтны ертөнцийн амьдралыг харж болох юм. Хамгийн энгийн жишээ гэвэл яагаад загас жараахайгаа идээд байдаг вэ? Учир нь загасанд “Эвий хөөрхий минь, энэ миний хүүхэд шүү, том болгочих юмсан” гэх хайрын бөгөөд энэрч өрөвдөх сэтгэл хөдлөл байхгүй. “Төрүүлчихлээ, энэ надтай адилхан амьтан байна” л гэдэг гаднах орчныг хүлээн авч буй дохио нь тэр. Ийм төрлийн амьтанд хоёр л хариу үйлдлийн систем байдаг. Тэр нь “Fight or Flight” буюу “Дайрч довтол эсвэл зугт” юм. Харин хүн түүнээс ялгаатай, төрөл бүрээр хүлээн авдаг нь сэтгэл хөдлөл юм. Тэгэхээр бид юмсыг уурлаж, баярлаж, гомдож хүлээж авдаг механизмтай учир үүнийг бидний биеийн эд эрхтэнтэй л адил чухал үүрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй юм.

Бид сэтгэл хөдлөлийг удирдах тухай ярьж байна. Магадгүй зарим хүмүүс “Би өөрийн сэтгэл хөдлөлийг удирдаж чаддаг шүү дээ, уурламаар байвал уурладаг, энэ нь шулуун шударга”, эсвэл хэлмээр байгаа ч уураа тэвчээд дуугүй байж чаддаг гэх зэргээр ярьж магадгүй юм. Энэ нь сэтгэл хөдлөлөө удирдах чадвар мөн үү?

Сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг ярихын урд мета сэтгэл хөдлөл гэдэг зүйлийн талаар ярих хэрэгтэй байдаг. Мета сэтгэл хөдлөл гэдэг нь сэтгэл хөдлөлийн талаарх хүмүүсийн өөрсдийнх нь бодол мэдрэмж. Жишээлбэл зарим хүмүүс уур шиг хэрэггүй зүйл алга гээд уурыг шууд үгүйсгэдэг. Зарим нь гуниглаж “эморох” ямар хэрэг байна аа гэдэг. Харин зарим нь дандаа жаргалтай байхыг хүсдэг. Сэтгэл хөдлөл мэдрэмжийн талаар хүний энэ мэт бодлууд бий. Сэтгэл хөдлөлөө удирдах хамгийн эхний алхам бол үүнийг буруутгасан, үгүйсгэсэн бодлоо байхгүй болгох юм. Өөрөөр хэлбэл, бүх сэтгэл хөдлөлийг бидний зүрх цохилдогтой адил, халууцахаар хөлс гардагтай адил зайлшгүй зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Уур гэдгийг буруутгалгүйгээр, гуниг гэхээр сэтгэлийн тэнхээгүй байна гэлгүйгээр сэтгэл хөдлөл тус бүрийг хэвийн зүйл гэж харах хэрэгтэй. Ингээд л хараад эхэлбэл, “хэн нэгнийг  дандаа уурлаж байдаг, ааш муутай” гэхийн оронд яагаад уурлаад байдаг шалтгаан болох мэдээллийг нь түрүүлж харж шийдвэрлэх боломжийг эрэлхийлдэг ч юм уу. Мөн өгсөн мэдээллийг бид боловсруулж чадахгүй л бол уур хүрвэл шууд цохих, шидлэх гэх мэтээр “гормоноороо харьцана”. Тиймээс сэтгэл хөдлөлөө удирдаж сурахын хамгийн эхний алхам нь сэтгэл хөдлөл бол бидний биеийн эд эрхтэн шиг энгийн зүйл юм гэдгийг ойлгож, дараа нь сэтгэл хөдлөл бидэнд ямар мэдээлэл өгч байна вэ? гэдгийг анзаарах юм.

Монголчууд бид EQ-тэй одооноос л танилцаж эхэлж байна. Харин гадны сургалтын системд, ажлын байранд EQ-г хэрхэн ашигладаг талаар жишээ дурдвал?

Аль хэдийн дэлхийн боловсролын суурь нь болчихсон шүү дээ. Хамгийн түгээмэл хөтөлбөр бол хүний гадаад орчны талаарх мэдээллийг зөвөөр хүлээн авах буюу нийгмийн ур чадварыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүд юм. Үүнийг “SEL” буюу Social Emotional Learning гэж олон улсад нэрлэдэг. Хүн гадаад орчинтой харилцаж л байвал сэтгэл хөдлөл үүснэ. Тиймээс нийгмийн харилцаанд орж буй хүн бүр хэрхэн нийгэм буюу бусад хүмүүстэй харилцах вэ?, өөрөөр хэлбэл, хүүхэд сургууль дээрээ хүмүүстэй хэрхэн харилцахаа, тэдгээр ирж буй мэдээллээ хэрхэн хүлээж авахаа мэдэхгүй бол академик боловсролын үр дүнд нь сөргөөр нөлөөлдөг. Энгийн байдлаар харахад л сэтгэлээр унаж, гутарсан үед ямар хүүхэд хичээлээ сайн хийе гэж сэдэлжих билээ, хэн багшдаа байнга загнуулаад, ангийнхандаа “Чи тэнэг” гэж хэлүүлчихээд ирээдүйдээ итгэлтэй болох билээ. Тиймээс “SEL”, “EQ” зэргийг сургалтын хөтөлбөрт оруулж эхэлсэн байдаг. АНУ-д багш нарыг сурагчдынхаа сэтгэл хөдлөлийг удирдаж сургахад туслах 10 багц хичээлтэй үнэгүй гарын авлага бүхий вебсайт хүртэл байдаг. Сургуулийн регистерийн дугаараар бүртгүүлээд тухайн хөтөлбөрийг авч хүүхдүүддээ хэрэгжүүлдэг. Ийм хөтөлбөрүүдийг багш нар хичээл орохын өмнөх 7-10 минутад орох, эсвэл өдөр бүрийн хичээлийн нэг цагийг хүүхдүүдэд хоорондоо мэдрэмжээ хуваалцах боломж болгон өгдөг. Хүүхдүүд тэр цагт бусдад тэр үгийг хэлэхэд ямар байсан, энэ үгийг сонсоход ямар санагдсан, хүүхдэд ийм мэдрэмж төрүүлснээ мэдсэнийхээ дараа чамд ямар сэтгэгдэл  төрж байна гэх мэтээр хоорондоо мэдрэмж, сэтгэл хөдлөлөө ярьдаг. Гэтэл бид хүүхдүүдээ математик, IQ гээд сургаад л байдаг. Харин тэдгээр зүйлсийг суралцах явцдаа ямар сэтгэл хөдлөл, мэдрэмж хуримтлагдаж байгааг анзаардаггүй нь харамсалтай.

Q education group”-ийн хувьд хүүхдийн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Хүмүүс магадгүй Англи хэлний сургалтаар илүү мэддэг байх. Тэгвэл энэхүү EQ хэмээх чадварыг хөтөлбөртөө хэрхэн тусгасан байдаг юм бэ?

Манай байгууллагын хувьд цэцэрлэг болоод сургуулийн дараах хөтөлбөрүүддээ EQ-г албан ёсны хөтөлбөр болгон оруулсан байдаг. Учир нь 21-р зууны бодит чадвартай иргэн болохын тулд хүүхдүүдэд дан ганц мэдлэг бус мэдлэгт суурилсан чадвар, сэтгэлзүйн тэнцвэрээ хадгалж өсөж тэмүүлж, хайрлаж хүндэлж чаддаг үнэт зүйл нь хамгийн их хэрэгтэй гэдгийг та бид хоёрын ярианаас ойлгож байгаа болов уу гэж итгэж байна.

Тэгэлгүй яахав. Аав ээжүүд ер нь хүүхдүүдийнхээ EQ-д хэрхэн нөлөөлдөг юм бол оо. Зарим нь хатуу гараар өсгөдөг, харин өөр нэг хэсэг нь хэт эрхлүүлж хатуу үг хэлэлгүй өсгөдөг нь EQ-д нөлөөлдөг үү?

Хүүхдийн сэтгэл хөдлөлөө удирдах чадварт эцэг эхийн хоорондын болоод хүүхэдтэйгээ харилцах харилцаа чухал нөлөөтэй. АНУ-н Бөркли их сургуулиас сургуулиас хийсэн судалгаагаар ээж, аавуудын өөртөө итгэлтэй байдал болон бие биедээ итгэдэг байдал нь хүүхдийнх нь өөрийнхөө сэтгэл хөдлөлөө илэрхийлэх байдал болон аз жаргалын түвшинд шууд нөлөөлдөг гэсэн үр дүн гарсан байдаг. Учир нь гэр бүлийн орчин бол хүүхдийн хамгийн анхны гадаад орчин, анхны дохио, анхны мэдээлэл байдаг. Тэгэхээр тэрхүү орчноос авсан мэдээлэл, дохио нь хүүхдийн дараагийн мэдрэмж сэтгэл хөдлөлүүдийн суурь үзүүлэлт нь болдог. Үүний хамгийн энгийн жишээ нь бид ямар нэг зүйлийг шинээр идэж үзэх үедээ тэр нь муухай байвал цаашид тэрхүү мэдрэмжээрээ хандаж, өөрөө ч мэдэлгүй дургүй болчихсон байдаг шүү дээ. Тэгэхээр гэр бүл бол хүүхдэд мэдрэмж, сэтгэл хөдлөл мэдрэх, тэдгээрийг илэрхийлэх анхны орчин нь учраас ээж, аавууд гэр бүлийн уур амьсгал, сэтгэл хөдлөлөө хуваалцах байдал дээрээ анхаарч, сайжруулахыг хичээж байх хэрэгтэй. Сэтгэлзүйн хэрэгцээг нь ойлгож харилцдаг гэр бүлд хүүхдийн EQ чадвар илүү хөгждөг.

 

Та EQ-ийн талаарх подкастан дээрээ эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг дасгалжуулах нь 40-н хувийн биелэлттэй байх нь сайн үзүүлэлт гэсэн утгатай зүйл ярьсан байсан л даа. Энэ талаараа дэлгэрүүлээд тайлбарлавал? Хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг ойлголоо гээд бүх зүйлсийг нь хүлээн зөвшөөрнө гэсэн үг биш юм. Ерөнхийдөө, хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг маш сайн ойлгодог эцэг эх байлаа гэхэд 40 хувь ойлгож хуваалцахад болно гэж үзэж байгаа юм. Тэгэхээр үлдсэн үед нь эцэг эх ч бас хүн учраас өөртөө сэтгэл хөдлөлийг мэдрэх завсар зай өгөх хэрэгтэй гэсэн санаа юм. Ээж, аав болохынхоо хувьд хүүхдэдээ уурлаж, гомдох нь байж болох зүйл. Харин ийм сэтгэл хөдлөл гаргасныхаа төлөө хүүхдээсээ уучлалт гуйж тэднийхээ ямар үг үйлдэл ээж, аавд нь ийм гормон ялгаруулж, сэтгэл хөдлөл бий болгосныг тайлбарлаж хэлж өгөх хэрэгтэй. Ингэж хэлснээр эцэг эхчүүд өөрсдийгөө хүн гэдгээ ойлгож, хүүхэд нь бүх сэтгэл хөдлөл бидэнд байдаг л зүйл юм байна гэдэг бодолтой болох юм. Тэгэхээр эцэг эхчүүд өөрсдийгөө хүүхдээ буруу хүмүүжүүлээд, эвдээд байгаа  “муу дасгалжуулагч” гэж бодон сэтгэлээр унах хэрэггүй.

Шулуухан хэлэхэд аав ээжүүд хүүхдүүддээ үлгэрлэл нь байхын тулд эхлээд өөрсдөө “хүмүүжсэн” байх ёстой шүү дээ. Энэ нь өөрсдийн EQ-ээ хөгжүүлэх хангалттай шалтгаан болов уу. Харин яаж гэдэг дээр та хариулт хэлбэл?

Ер нь бол мэдрэмжүүдийг жишээ нь уурыг муу зүйл, буруу зүйл гэсэн бодолтойгоор хүүхдээ уурлахыг болиулж чадахгүй.  Тиймээс ээж, аавууд маань өөрийн сэтгэл хөдлөлөө маш сайн ойлгодог, хүлээн зөвшөөрдөг байх шаардлагатай. Гэхдээ уурлаад хүүхдээ цохихыг хүлээн зөвшөөрнө гэж мэдээж ойлгож болохгүй. Хүүхэд наснаас эхлээд л өөрт нь яагаад ийм сэтгэл хөдлөл бий болдог болсноо ойлгоно гэсэн үг юм. Магадгүй мэргэжлийн сэтгэл судлаачид хандаж сэтгэл зүйн зөвлөгөө авч мэдрэмжээ ойлгохыг алхамтайгаар суралцаж болно. Бид ч мөн хүүхдийн EQ ангийн сургалт явуулах хугацаандаа аав ээжүүдэд энэ талаар анхан шатны ойлголт өгөхийн чухлыг анзаарч, “Хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг дасгалжуулах нь” сэдэвтэй сургалт уулзалтуудыг зохион байгуулж ирсэн л дээ. Гэхдээ энэ мэт бусдын тусламжтай аргууд байж болох ч хамгийн чухал зүйл бол тасралтгүй суралцахын чухлыг ойлгох ёстой. Одоогийн бидний сэтгэл хөдлөлийн илэрхийлдэг хэлбэрүүд бол төрөхөөс тань эхлээд өдий хүртэл бий болчихсон сэтгэл хөдлөл үүсэх дадал учраас үүнийгээ удирдаж сурахад их хүчин чармайлт шаардагдана. Сэтгэл хөдлөл болон түүнийгээ илэрхийлж байгаа үйлдэл 2-н ялгаа заагийг анзаарч сурах нь EQ-ээ хөгжүүлэхийн эхний алхам гэдгийг эцэг эхчүүддээ захиж хэлмээр байна.

Маш чухал сэдвийн хүрээнд ярилцаж аав ээжүүдэд тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа.

Та бүхэнд  мөн баярлалаа.

 

Ярилцсан: Д. Чанцал

ФОТО

“Q education group”-ийн EQ KiddyZ  7-12 насны хүүхдүүдэд сэтгэл хөдлөлөө удирдах чадвар олгох 3 сарын хөтөлбөртөө бүртгэлээ авч эхэллээ.

  • Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 2019.10.07 - 2019.12.28 /12 долоо хоног/
  • Хичээллэх давтамж: 7 хоногт 3 удаа
  • Нийт: 108 академик цаг
  • Цагийн сонголт: 09:00 - 11:10 ; 15:30 - 17:40

Бүртгүүлэх утас: 77777733 ; 90000123

Манай хаяг: ХУД, Энхтайвны гүүрний зүүн урд, КН апартмент

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.