Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хайтийн парламентын гишүүн иргэд рүү гал нээж, хоёр хүнийг шархдуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Карибын тэнгисийн Хайти улсын хууль тогтоогч эрхэм иргэдийн эсрэг гар буу гаргаж, гал нээсний уршгаар хоёр хүн шархджээ.

Шархдсан хүмүүсийн нэг нь ажлаа хийж явсан Associated Press агентлагийн гэрэл зурагчин байсан бол нөгөө нь мөн тэнд ажил үүргээ гүйцэтгэж явсан жолооч байсан гэнэ.

Азаар тэдний шарх амь наснаас холуур байжээ.

Өчигдөр Хайтийн нийслэл Порт-О-Принс хотын парламентын ордны гадна иргэд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж байсан юм. Энэ үеэр ордноос гарч явах гэсэн парламентын гишүүн Жан Мари Ралф Фетьер зам тавьж өгөхийг иргэдээс шаардаж, гар буугаар хий бууджээ.

Тэр сүүлд өөрийн үйлдлийг хамгаалж ярихдаа “Над руу бүлэг дээрэмчид дайрсан. Тэд намайг машинаас гаргахыг оролдсон тул би өөрийгөө хамгаалсан. Аргагүй хамгаалалт байсан” гэсэн байна.

Ойрын өдрүүдэд шинэ ерөнхий сайдыг томилох асуудал Хайти улсад эмх замбараагүй байдал үүсгээд байгаа. Ерөнхийлөгч Жовенел Моиз өөрийн хүнийг хүчээр томилоод Нью Йорк хотод болж буй НҮБ-ын чуулганд оролцохоор яарч байсан юм.

Гэвч иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан тул тэр Ням гарагт явах байснаа хойшлуулаад байна. Саяхан тус улсын парламент дотор ерөнхий сайдын томилгоотой холбоотой ширүүн маргаан үүсч, гишүүдийн хооронд зодоон гарсан юм.

Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн $350 орчим, инфляцийн хэмжээ нь 19 хувьтай Хайти улсын иргэдийн дунд ядуурал газар аваад байгаа. Тус улсын түүхэнд тохиолдож байсан Дувальерын дарангуйлал, АНУ-ын түрэмгийлэл, 2010 оны газар хөдлөлт зэрэг хүнд цаг үеүдийн аль нь ч өнөөдрийн нөхцөл байдлаас дээр байсан тухай иргэд ярьж байна.

Хайти нь дэлхийн бөмбөрцгийн баруун хагас дахь хамгийн ядуу улсад тооцогддог.

 

Эх сурвалж: The Guardian