Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Залуу тэмцэгч НҮБ-ын чуулган дээр дэлхийн улс орнуудын удирдагчдыг загнав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Байгаль орчныг хамгаалах үйлсийн идэвхтэн, 16 настай швед охин Грета Тунбэрг өчигдөр уур амьсгалын өөрчлөлтийн сэдвээр Нью Йорк хотноо болсон НҮБ-ын чуулганд оролцож үг хэлсэн юм.

Тэрээр Европоос Нью Йоркт агаар бохирдуулдаггүй завиар аялж ирсэн. Грета энэ үеэр дэлхийн улс орнуудын удирдагчдыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхгүй байгааг нь хоолой зангируулан шүүмжилж, загнаж байв.

“Хүмүүс үхэж байна. Хүмүүс зовж байна, Экосистем бүхлээрээ сүйрч байна. Бид амьд ертөнцийн сүйрлийн ирмэг дээр ирээд байхад та нар мөнгө, эдийн засгийн өсөлтийн тухай үлгэрээ ярьсаар байна. Яаж ингэж зүрхэлж байна аа?” гэж тэрээр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нарын өмнө ярьжээ.

 Хичээлээ хийж суухын оронд томчуудад сануулга өгөхөөр ирсэн Грета хэлэхдээ “Та нар миний мөрөөдөл, хүүхэд насыг хоосон үгээрээ хулгайлж байна. Энэ бүхэн бүгд буруу байна. Би энд байх ёсгүй байсан юм” гэсэн байна. Тэрээр өнгөрсөн онд Шведийн парламентын ордны гадаа эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулахын тулд хичээлээсээ гурван долоо хоногийн чөлөө авч байсан гэдэг.

Өчигдрийн хуралдаанд ирэх төлөвлөгөөгүй байсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гэнэт зочилж, олны анхаарлыг татсан юм. Энэ үеэр Грета Тундбэргийн царай хэрхэн өөрчлөгдөж байгааг хэвлэлүүд дурандаа буулгажээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд НҮБ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх залуу үеийнхний чуулганыг анх удаа зохион байгуулсан юм. Үүнд оролцсон Грета Тунбэрг тэргүүтэй өсвөр үеийнхэн Франц, Герман, Бразил, Аргентин, Турк зэрэг улсууд дэлхийн дулаарлын талаар шинжлэх ухааны баримт нотолгоог үл тоомсорлож байгаа талаар НҮБ-д албан ёсоор гомдол гаргасан байна.

 

Эх сурвалж: Bloomberg