Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Зам тээврийн ослын ихэнх нь онхолдох, мөргөх хэлбэрээр гарч байна!

Т.Саран, iKon.mn
2019 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 16-19-ний хооронд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 844 дуудлага иржээ.

Гурав хоногт ослын улмаас 21 хүн гэмтэж, нийслэлд 1, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 4  хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж бэртжээ.

Зам тээврийн ослын ихэнх онхолдох, мөргөх хэлбэрээр гарсан байна. Тухайлбал, есдүгээр сарын 18-ны өдөр 21:30 цагийн орчимд СБД-ийн 3 дугаар хороо Нарны зам, “Monnis” төвийн зүүн уулзварт Toyota Aqua автомашины жолооч нь ажил, үүргээ гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагчийг мөргөж гэмтээжээ.

Түүнчлэн Дарь-Эхийн замд Toyota Prado автомашины жолооч явган зорчигч 42 настай, эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон бол Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт асфальтан замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь “Sonyon” маркийн мотоциклийг мөргөж, мотоциклийн жолооч нас барсан осол гарчээ.

Иймд жолооч, зорчигч нарын  бүсээ бүсэлж, хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Сүүлийн 5 жилийн хугацаанд мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осолд өртөж нийт 507 хүн амь насаа алдаж, 1,169 хүн эрүүл мэндээрээ хохирсон статистик тоон мэдээ байна.

Энэ оны эхний 8 сарын байдлаар мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осолд орж 55 хүн амь насаа алдсан нь зам тээврийн ослоор амь насаа алдсан тохиолдлын 18 хувийг эзэлж байна.

Есдүгээр сарын 16-19-ний хооронд гэхэд л Хэнтий аймгийн Цэнхэр Мандал сумын нутаг дэвсгэрт асфальтан замд Toyota Prius Г жолоочтой автомашин онхолдож, 29 настай, эрэгтэй, Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт шороон замд Dayung маркийн мотоцикл онхолдож, жолооч нь нас баржээ. Эдгээр осол, хэргийг хуулийн дагуу шалгаж байгааг албаныхан хэлэв.

Мотоцикл унаж хэрэглэх гэж байгаа бол хамгаалах малгай, хамгаалалтын хувцсыг өмсөж хэвшихийг зөвлөж байна.