Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд Денисовын хүний гадаад төрхийг сэргээн босгожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хэсэг эрдэмтэд хүний устаж алга болсон эртний нэгэн төрөл зүйл болох Денисовын хүний гадаад төрхийг анх удаа сэргээн босгожээ.

Ингэхдээ тэд Оросын Алтайн хязгаар дахь Денисовын агуйгаас олдсон хурууны яснаас хамгийн орчин үеийн генетикийн технологийг ашиглан мэдээлэл авах аргаар бүтээсэн байна.

“Бид энэ төрлийн хүний гадаад төрхийг Неандертальчуудтай илүү адилхан байна гэж төсөөлж байв. Гэтэл Денисовчууд хүний бусад төрөл зүйлээс огт өөр байсан нь биднийг гайхшрууллаа” гэж уг судалгааны ажилд оролцсон Иерусалемын Хебрью их сургуулийн эрдэмтэн Лиран Кармел ярьжээ.

Денисовын хүмүүс хэдэн арван мянган жилийн өмнө Ази тив даяар тархан амьдарч байсан гэдэг.

Гэвч энэ төрлийн хүмүүсийн тухай мэдээлэл, олдвор маш ховор байдаг. Анхны чухал олдвор нь 2010 онд ОХУ-ын Алтайн нурууны Денисовын агуйгаас илэрч байжээ.

Тэр үеэс хойш эндээс хурууны үений яс, эрүүний яс, шүд зэрэг биеийн үлдэгдэл нь олдоод байгаа. Генетикийн шинжилгээ тэднийг Неандерталь хүмүүстэй ойр төрөл, орчин үеийн хүмүүстэй 15,000 орчим жилийн өмнө тодорхой хүрээнд холилдож байсныг тогтоосон юм.

Өнөөдрийн Меланези, Австралийн уугуул иргэдэд Денисовын хүний ДНХ хамгийн их буюу 6 хувьтай байдаг. Зүүн Азийн хүмүүс, Америк тивийн уугуул иргэд, Полинезичуудын генд үүнээс бага хэмжээгээр хадгалагддаг байна.

 

“Хамгийн их гайхшруулсан зүйл нь тэдний гавлын яс нэлээд өргөн, бүр орчин үеийн хүмүүсийнхээс өргөн байгаа юм” гэж судалгаанд оролцсон Иерусалемын Хебрью их сургуулийн Дэвид Гохман ярьжээ.

Мөн Денисовын хүмүүс Неандертальчуудаас илүү урагш түрсэн эрүүтэй байсныг тогтоосон гэнэ.

Эхний үр дүн хангалттай өндөр нарийвчлалтай биш ч цаашдаа бусад олдворуудыг шинжилж, Денисовын хүний төрхийг илүү тодорхой сэргээж чадна гэдэгтээ тэд итгэлтэй байна.

 

Эх сурвалж: The Guardian